Улаанбаатар хотын худалдааны танхимын хамт олон Цар тахлын дараах Монгол Улс, Монгол Улсын эдийн засаг сэдвээр УИХ-ын гишүүд, УБХТ-ын гишүүд, аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулж онлайн хэлэлцүүлэг зохион байгуулав.
Онлайн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, С.Амарсайхан, С.Одонтуяа, Г.Дамдинням, Х.Булгантуяа, Т.Доржханд, Г.Амартүвшин болон УБХТ-ын Ерөнхийлөгч Ч.Ганхуяг, Гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ болон 40 гаруй компанийн төлөөлөл оролцсон байна.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Бизнес эрхлэгчид зээл, хөнгөлттэй зээл, зээлийн батлан даалтыг хэмжээг банкууд дээр бууруулах боломж бүрдүүлэх санал ирүүлж байна
Та бүхний санал бидэнд их чухал байна. 2020 он эдийн засгийн хувьд маш хүнд байна. 2021 он ч мөн хүнд байх нь гарцаагүй.Төр, загийн газраас олон арга хэмжээ авч байгаа ч эзэндээ хүрэхгүй байна гэсэн гомдол байнга гарч байгаа учир та бүхэн саналаа байнга хүргэмээр байна.
Бизнес эрхлэгчдээс ирүүлж буй саналын ихэнхийг зээл, тэр дундаа хөнгөлттэй зээл, зээлийн батлан даалтыг хэмжээг банкууд дээр бууруулах боломж бүрдүүлэх гэсэн саналууд байна. Өнөөдөр УИХ-ын гишүүд бид ярих бус та бүхний саналыг илүү сонсохыг хүссэн юм шүү.
“Ард Санхүүгийн нэгдэл” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг: УИХ-аар үндэсний хэмжээний эрсдэлийн удирдлагын саналыг судалж, төлөвлөгөө гаргах хэрэгтэй байна
УИХ-аар үндэсний хэмжээний эрсдэлийн удирдлагын саналыг судалж, төлөвлөгөө гаргах хэрэгтэй байна. Одоо гарч байгаа хууль, дүрэм, журам нь хоорондоо зөрчилдөж шийдвэрүүд ойлгомжгүй зөрүүтэйгээр маш их гарч байна. Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн хувьд хүнд байдал үүссэн, энэхүү хүндрэлийг одоо яаж даван туулах талаар арга зам олох хэрэгтэй байна. Хөрөнгийн зах зээл дээр урт хугацааны бизнесийг дэмжих эх үүсвэрийг бий болгох шаардлагатай. Банк өөрөө зээлийн хүүг бууруул гэдэг нь утгагүй, хэрэгтэй. Эс бөгөөд банк өөрөө дангаараа бүх эрсдэлийг хүлээж зээлийн хүүг бууруулвал дампуурах аюултай. Мөн нийгмийн даатгалын санд байгаа мөнгийг банкинд нэг, нэг жилээр байршуулах нь учир дутагдалтай. Нийгмийн даатгалын сангийн мөнгөөр хувьцаа, бонд гаргах боломжийг бий болгох нь илүү үр дүнтэй. УИХ нь жижиг дунд бизнес эрхлэгчдийн талаар л ярихаастом компаниудыг дэмжих ямар ч ажил хийхгүй байна. Гэтэл компани, корпорациуд нь ажлын байрыг бий болгож улсын төсөвт маш их хэмжээний татвар төлдөг. Иймд нийгмийн даатгалын сангийн мөнгөөр том компани, корпорациудын бонд гаргах ажиллагаанд туслалцаа үзүүлэх шаардлагатай байна.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Ковидын дараах эдийн засгийг нэмэгдүүлэх, ажлын байрыг хамгаалж үлдэхэд бид хамтран ажиллах ёстой
Ковидын дараах эдийн засгийг нэмэгдүүлэх, ажлын байрыг хамгаалж үлдэхэд бид хамтран ажиллах ёстой. Ингэхийн тулд аж ахуйн нэгжийн төлөөлөл та бүхний санал бэлэн байхад ажилд их дөхөм болно. УИХ-ын даргын санаачилгаар хоёр Ажлын хэсэг байгуулагдсан.
1.Төсвийн байнгын хорооны дарга ахалсан Урт хугацаанд дахин санхүүжилт эхлүүлэх, иргэд аж ахуйн нэгжид бодит нөлөө үзүүлэх мөнгөний бодлого, зээл, зээлийн төлөлт болон төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулсан.
2. Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар ахалсан ажлын хэсэг нь эдийн засгийг нэмэгдүүлэх, үр ашигтай ямар боломж байгааг судлах юм.
Эдийн засгийг сэргээх хоёр үе шаттай арга хэмжээг зохион байгуулах ёстой гэж би харж байна. ЖДҮДС-аас гадна Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг үйл ажиллагаа нь доголдоод байгаа аж ахуйн нэгжээ дэмжих нь илүү үр дүнтэй байх болов уу гэж харж байна.
Нэг сангаас аж ахуйн нэгжээ дэмжих талаар ярих бус олон сангаас ямар санхүүжилтийг хэрхэн татаж болох, тэрхүү мөнгөө хэзээ, яаж ямар шугамаар зарцуулах вэ гэдэг талаар ажиллавал илүү үр дүнтэй байх болов уу.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан: Урт, дунд богино хугацаанд эдийн засгаа сайжруулах талаар бодлого гаргах нь маш чухал
Энэ цаг үед амьд үлдэх чухал байгааг хүн бүхэн ойлгож байна. Урт, дунд богино хугацаанд эдийн засгаа сайжруулах талаар бодлого гаргах нь маш чухал. Банк санхүүгийн боломжоо хэрхэн ашиглах боломж байгааг сайн судлах хэрэгтэй байна. Монголбанк зах зээлээ сэргээх, төгрөгийн тогтвортой байдлыг хангахад бие дааж ажиллах боломж бий. Хөнгөлөлттэй зээлийг зах зээлд гаргаж, бодлогын хүүгээ дахин буулгах ёстой. Зээлээ олгохдоо худалдагч, үйлдвэрлэгчид нараа ялгаж салгаж хараад үйлдвэрлэгчдээ дэмжээд өгмөөр байна.
Төсвийн мөнгөөр хийгээд байгаа зарим нэг ажлаа аж ахуйн нэгждээ өгмөөр байна. Төсвийн алдагдлыг нөхөхөөр их хэмжээний зээл авч байна.Хүүгээ валютаар төлнө. Ингэхийн оронд аж ахуйн нэгжээрээ хийлгээд ажлын байраа нэмэгдүүлж, аж ахуйн нэгжээ дэмжмээр байна.
Хөрөнгө оруулалтын банкны хууль эрх зүйн байдлыг хангах талаар ажлын хэсгийг миний бие ахалж байна. Гадаадын банк хэрэгтэй, хэрэггүй гэж бид маргасаар ирсэн. Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид та бүхний санал чухал учир та бүхэн хэлэлцүүлэг бүрт идэвхтэй оролцож саналаа хэлээрэй.
Ковидын хуулийн үйлчлэх хугацааг сунгах тухай хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэх гэж байна. Та бүхэн энэ хуулийн төсөлд саналаа өгөөрэй.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Дахиад өр тавих уу, гадаад хөрөнгө оруулалтыг хэрхэн татах вэ гэдгийг бид бодох ёстой
Бидний 15 гишүүн Гадаад худалдааг дэмжих түр хороог байгуулах саналаа УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн байгаа. Гадаад худалдаа Монголын эдийн засагт чухал нөлөөтэй. Тиймээс хүнд суртал багатай, үр өгөөжтэй худалдаа хийхэд нь анхаарч ажиллая гэсэн санал гаргаад явж байна. Ингэхийн тулд ямар хуулийг хэрхэн өөрчилж, ямар журам гаргах тухай судалж байна. Монгол Улсын гадаад өр 30 тэрбум ам.доллар гараад явчихлаа.
Дахиад өр тавих уу, гадаад хөрөнгө оруулалтыг хэрхэн татах вэ гэдгийг бид бодох ёстой. Валютын орлогоо нэмэгдүүлэх нь орхиж болохгүй асуудал.Аж ахуйн нэгжээс хэд хэдэн санал ирүүлсэн.Нийгмийн даатгалын дарамтыг бууруулж өгөөч, төрөөс авдаг олон зуун зөвшөөрлөө багасгаж, бизнесийн орчинг сайжруулж өгөөч гэсэн санал байнга ирж байна. Сүүлийн үед Замын-Үүдийн гааль дээр олон зуун машин саатсан. Бизнес эрхлэгчдийн эргэлтийн мөнгө тэнд түгжигдсэн байгааг хүмүүс их хэлж байна.УИХ-ын гишүүд үүнд анхаарч Гаалийнхантай ярилцах болно.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Инноваци технологийг дэмжих сантай байж болох тухай бид ярилцаж байна
УИХ-ын гишүүд Инноваци технологийн байнгын хороог байгуулаад ажиллаж байна. ЖДҮ-ийг дэмждэг шиг инноваци технологийг дэмжих сантай байж болох тухай бид ярилцаж байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Лобби бүлэг болж ажиллах ёстой гэж би харлаа
Ийм хүнд хэцүү үед бизнес эрхлэгчид хөнгөлттэй зээл ус агаар мэт хэрэгтэй байдаг. Ийм нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллах ёстой. Бас нэг зүйл бол НӨАТ-ыг 5 хувь болгомоор байна. Одоо энэ талаар ярих гэхээр төсөв батлагдсан хамаг юм самарчихна гээд байгаа. Энэ жил биш гэхэд 2022 онд хэрэгжихээр баталж болно гэж хардаг. Тооноос бус чанарт бид шилжих ёстой гэдгийг зах зээл харуулж байна.
Энэ удаагийн энэ мэт бизнес эрхлэгчдийн хурлыг тогтмол хийж баймаар байна. Лобби бүлэг болж ажиллах ёстой гэж би харлаа. УИХ-ын гишүүд гэдэг чинь бүхнийг мэдэгч биш шүү дээ. Ямар нэгэн хууль ороод ирэхэд та бүхний санал маш чухал байдаг. Тогтмол энэ мэтчилэн цахимаар уулзаад ярилцаад явбал илүү үр дүнтэй байх болно.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Засгийн газар үнэт цаасаа идэвхжүүлбэл илүү үр дүнтэй гэж харагдаж байна
Эдийн засгийн боломж маш их байна. Хөрөнгийн зах зээлийг эдийн засагжуулах боломж байна гэж би хардаг. Төсөвт дахин тодотгол хийж царцаах хөрөнгө оруулалтаа тогтоож, тэр хөрөнгөө хаашаа юунд зарцуулах тухай яримаар байна.
Төрөөс гадна Монголбанк олон үр өгөөжтэй ажил хийж болмоор байна. Мөнгөний бодлого 6 хувь болгоход үнэт цаасны хэмжээ 7 их наяд болчихсон. Уг нь буурах ёстой ч өссөн. Эндээс харахад тэнд өрөө тасалгаа байна гэсэн үг. Банкууд ийм эрсдэлтэй үед зээл гаргахгүй гэсэн байр суурьтай байна. Тэгвэл яаж гаргах ёстой вэ гэхээр засаг өөр дээрээ эрсдэлээ үүрч гаргах хэрэгтэй. Засгийн газар үнэт цаасаа идэвхжүүлбэл илүү үр дүнтэй гэж харагдаж байна.
Онлайн хэлэлцүүлэгт оролцогсод саналаа солилцож, УИХ-ын гишүүд аж ахуйн нэгж, компаниудын санал бодлыг тогтмол сонсож байхыг санал болгож, ийм цаг үед хамтран ажиллаж, эдимйн засгаа сэргээх, ажлын байрыг хадгалж үлдэх чин хүсэл, зорилготой байгаагаа илэрхийлэв.
“Start-Up marketing space” ХХК-ийн үүсгэн байгуулагч н.Мөнхбаяр: Шинээр үүгэн байгуулагдаж байгаа шинэ санаа, санаачлага, шинэ технологийг нэвтрүүлэн ажиллах гэж буй бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллах санаачлага байхгүй байна
Хямралын үе бол бизнес эрхлэгчдийн хувьд өндөр шалгуур болдог бас нөгөө талаар шинэ боломжууд бий болдог. Гэтэл төрөөс жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллаж байна. Гэтэл шинээр үүсгэн байгуулагдах гэж байгаа шинэ санаа, санаачлага, шинэ технологийг нэвтрүүлэн ажиллах гэж буй бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллах санаачлага байхгүй байна.
Энэ цаг үед УИХ Хөрөнгө оруулалтын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулах шаардлагатай байна. Тэр дундаа шинэ санаа, санаачлага, шинэ технологийг нэвтрүүлж байгаа, өөрийн хөрөнгөөр гарааны бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын боломжуудийг хуульчилж өгөх шаардлагатай байна. Шинээр үүсгэн байгуулагдаж буй компанийн хувьд хөрөнгө оруулалт чухал юм.
УИХ-ын гишүүдтэй хийсэн онлайн хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос дараах саналыг гаргалаа
Үйлдвэрлэл, эдийн засгийг дэмжих чиглэлээр:
- “Үндэсний эрсдэлийн удирдлагын урт хугацааны концепц”-ийг УИХ-аас батлан гаргаж мөрдүүлэх;
- Уул уурхай дагасан ханган нийлүүлэгчдийн үйл ажиллагааг зогсоосон байна. Эдгээр ханган нийлүүлэгчдийн үйл ажиллагааг төрөл бүрээр дэмжих чиглэлээр УИХ-аас дагаж мөрдөх хэм хэмжээний акт гаргах;
- Дотоодын үйлдвэрүүдийг татварын бодлогоор дэмжих. Тухайлбал гаднаас түүхий эдээ импортоор авдаг бол түүн дээр нь татвар бууруулах, онц хэрэгцээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эд материал оруулж ирж байвал гаалийн татварыг бүр 0 болгох, дотоодод үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнтэй ижил импортын бүтээгдэхүүнд өндөр татвар ноогдуулах г.м.
- Хөгжлийн бэрэхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах төслийг илүү дэмжих:
- Хийн түлшинд шилжиж агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж байгаа иргэд, ААН-үүдэд ЗГ-аас гаргасан цахилгааны төлбөр чөлөөлөх шийдвэр хамаарахгүй, дэмжлэг болохгүй байгааг анхаарч энэ салбарыг хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах;
- Төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлуудыг хувийн хэвшлийнхнээр илүү хийлгэх, төрөөс худалдан авах бараа бүтээгдэхүүнд эзлэх дотоодын үйлдвэрийн барааны хувь хэмжээг нэмэгдүүлэх;
Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн чиглэлээр:
- Хүнс хөдөө аж ахуйн салбарт санхүүжилт зайлшгүй шаардлагатай байгаа. Хавар тариалалтын үеэр өндөр хүүтэй зээл аваад намар буцаагаад олсон орлогоо зээл хүүнд өгөөд таарч байна. Тариалалтын бүс нутагт нь тохирсон зээл, санхүүжилт бий болгох;
- ЖДҮС-ын хяналтад ТББ, Иргэний нийгмийн байгууллага, Бизнес эрхлэгчдийн хяналтыг бий болгох;
- Хөрөнгө оруулалтын тухай хуулинд шинэ санаа, санаачлага, шинэ технологийг нэвтрүүлж байгаа, өөрийн хөрөнгөөр гарааны бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалт хийх боломжуудыг хуульчилж өгөх;
- Хамгийн олон ажлын байр бий болгодог, импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой, ашгийн түвшин өндөр байх зэрэг шалгуураар хөнгөн үйлдвэрийн 2-3 дэд санг тодорхой салбар тус бүрээр байгуулах. ЖДҮСангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгохын тулд санхүүжилт авсан ААН-н эргэн төлөлтөөр тухайн салбарын дараагийн ААН-д олгох байдлаар шийдвэрлэх, зээлийн төлөлтийн мэдээллийг нээлттэй болгох.
- ААН-үүдийн өмнө авсан байсан зээлийн хүүгийн төлөлтийг царцаах;
- ЖДҮДС-аас гадна Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг үйл ажиллагаа нь доголдоод байгаа аж ахуйн нэгжээ дэмжих;
- Хөнгөлөлттэй зээлийг зах зээлд гаргаж, бодлогын хүүг дахин бууруулах;
- Төсвийн хөрөнгө оруулалтыг эргэн харж эдийн засгийн үр өгөөжтэй төслүүдэд илүү хандуулах, төрийн худалдан авалтаад дамжуулан дотоодын үйлдвэрлэлийг дэмжих;
- Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх замаар компаниуд өрийн бичиг, бонд гаргах үйл ажиллагааг дэмжих;
- Урт хугацаатай хөрөнгө оруулалтын эх үүсвэрүүдийг хөрөнгийн зах зээлд оруулж үүгээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих;
- Зээлийн хүүг бууруулахдаа хүүний зөрүүг арилжааны банкуудад төрөөс олгох замаар банк, санхүүгийн салбараа хамгаалах замаар хувийн хэвшлийн зээл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх;
- Нийгмийн даатгалын сан, Хадгаламжийн даатгалын корпораци гэх мэт төрийн сан, байгууллагуудын хөрөнгийг нэг санд төвлөрүүлэн урт хугацаатай хөрөнгө оруулалт болгон хувийн хэвшлийнзах зээлд оруулах;
- “Үндэсний манлайлагч” (National Champions) нар болох том компаниуд, үндэсний манлай үйлдвэрлэгчдээ дэмжих төрийн бодлого гаргах, УИХ-аас энэ чиглэлээр мэдэгдэл гаргаж дэмждэг болох;
Татвар, татвар тооцох зардлын чиглэлээр:
- Ковидтой холбоотой гарсан зардлыг компаниудын татвараас хасагдах зардалд тооцно гэж шууд зохицуулалтыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд оруулах;
- ААНОАТ-ын тухай хуульд байгаа алдагдалтай ажиллаж байгаа алдагдлыг дараагийн дөрвөн жилийн татварын тайландаа алдагдлаа шилжүүлэхийг тавин хувиар хязгаарлачихсан байгаа үүнийг ажлын байраа хадгалсан гэдэг ч юмуу хэмжүүрээр 100 хувь хүртэл болгох;
- ААНОАТ-ын тухай хууль болон Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хууль хоорондын уялдаа холбоог бий болгох. Жнь: Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд 2,5 тэрбум хүртэлх жижиг, дунд үйлдвэрлэл гэж заасан бол ААНОАТ-ын тухай хуулиар 1,5 тэрбумын жилийн орлоготой бол татвараас 90 хувь чөлөөлнө гэж заасан.
- ААН-ийг Том, Дунд, ЖДҮ, Бичил, Өрхийн гэх мэтчилэн төвшин төвшинд нь таарсан тусдаа бодлого байхын зэрэгцээ орон нутгуудыг бүсчлэн хөгжүүлэх бодлоготой уялдуулж татварын хууль тогтоомж болоод бусад их хурлаас гарах хуулиудаа анхаарч үзэх;
- 2016 оны УИХ-аас өмнө нь чөлөөлсөн байсан газаар ажилладаг машинд онцгой татвар ногдуулж эхэлсэн. Үүнийг эргүүлээд чөлөөлж, дэмжих;
- НӨАТ-ын хувь хэмжээг 5% болгон бууруулах;
- Эдийн засгийг сэргээх арга хэмжээг богино болон урт хугацааны гэж 2 үе шаттайгаар төлөвлөх.
Улаанбаатар хотын худалдааны танхим