Ардчилсан намын гишүүн Д.Сосорбарам Их хурлын индэр дээрээс хатуу шүүмжлэл хэлж, Ардчилсан намын гишүүнээс татгалзаж буйгаа мэдэгдлээ. Түүний хэлсэн үгийг хүргэе.
Тэрбээр “Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ гэж үг байдаг. Олон удаа л донгодлоо, миний бие. Сүүлдээ зүхэгдэх царайтай. Үнэн хаана байна. 90 оны араншин хаачсан бэ? Энд бид цэцэрхээд байх цаг биш. Монголын Ардчилсан нам байх уу, үгүй юу. Орших уу, эс орших уу гэдэг асуудал ярина. Би Ардчилсан холбооны эгэл жирийн гишүүний хувьд хэлж байна шүү. Илжиг бол тэнэг мөртлөө ухаантай амьтан, сэгсрээд хаяад байдаг. Миний дарга нар ус байвал уугаад, алт байвал залгичихаад байдаг. Бид найман жил энэ их хурлыг хүлээсэн. Урд шөнө би хар дарж зүүдэлсэн. Урт гар намайг зовоосон. Хэлэх үгийг миний боогдуулсан. Харах нүдийг минь хаасан. Аз болж эхнэр намайг сэрээлээ…
Өнөөдөр энд ирэхдээ би нэг ч үг бэлдээгүй. Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн гэж 280 хүн байдаг юм байна. Гаднаас нь миний харж байгаагаар тэнд даргаа тойрч зугаалсан, даргадаа зусардсан, даргынхаа цүнхийг барьж гүйсэн, даргынхаа түрийвчийг зузаалдаг ийм нөхдүүд л байна. Н.Алтанхуяг 2008 онд манай намын дарга болсон. Нам ялсан нь сайн хэрэг. Ялсан дарга Ерөнхий сайд болох учиртай. Тэр зөв байж. Гэхдээ тэр үед Н.Алтанхуяг намын дарга болохдоо тахир дутуу ялсан юм. Эвсэл болох, эвссэнээрээ далимдуулж завших, зөвшил болох, зөвшсөнөөрөө далимдуулж хулгай, хуйвалдаан хийх, албан тушаалын уралдаан хийх ийм зүйл болсон. Намын их хурал хуралдаагүй учраас хууль бус, дүрмийн бус даргыг тэр найман жил хийсэн.
Одоо энэ дүрмэнд тусгаж байгаагаар энэ хүн 8 жил төрийн алба руу алхах эрхгүй болж байгаа юм байна. З.Энхболд дарга хоёр жил ажилласан. Хоёр жил ажиллах хугацаандаа намаа ялагдуулсан. Тийм учраас дахиад төрийн алба руу орох эрхгүй болж байгаа юм. Ийм дүрмийн өөрчлөлт хийж байгаа бол сайн. Энийгээ бариарай. Бусад нь бол мэдэхгүй ээ. Ах дүү, амраг садангаа томилсон гэнэ үү. Манай нөхдүүд өөрсдөө ах дүүсээ томилоод эхэлсэн шүү дээ.
Өчигдөр Ц.Нямдорж ярьж байна лээ. Хариуцлагатайгаар. “Би Н.Алтанхуягийг бүр гайхсан. Өөрөө Ерөнхий сайд байж хүргэнээ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар тавьж байдаг” гээд. Ийм зүйл байгаа учраас энэ Их хурлаас Үндэсний зөвлөлдөх хороо тарах хэрэгтэй. Энд сууж байгаа дарга нар та нар буруугаа хүлээгээд Үндэсний зөвлөлдөх хороог тараах хэрэгтэй. Өвчнөөсөө сал аа. Ардчилсан намын дарга нар аа. Миний үеийн дарга нар аа. Одоо та нар болсон. Зайгаа тавьж өгөх цаг болсон. Хүмүүст боломж олгодог нам энэ Монголд хэрэгтэй байна. Түүнээс МАХН шиг коммунист нам, Ардчилсан нам шиг социалист нам хэрэггүй. Улаан социалист нам болсон ш дээ, манай нам. Ийм юман дунд бид амьдарч байна. Үүнээс салахын тулд гишүүн болгон өөрийнхөө эрхийн төлөө яв. Маш чадварлаг Намын зөвлөлтэй л бол. Үндэсний зөвлөлдөх хороогоо тараа. Ардчилсан нам гэдэг нэрээ ч соль. Энэ нам шинэчлэгдэх царай алга. Шинэчлэе гэвэл цоо шинэ үзэл санаа, үзэл баримтлал, заавал биелэгддэг дүрэмтэй бол.
Миний хувьд Монголын Ардчилсан нам баяртай. Үүрд баяртай. Би шинэ нам хүлээнэ, хүснэ. Тэр шинэ намыг байгуулах үзэл бодолтой хүнийг дэмжинэ. Өнөөдрөөс эхлээд Ардчилсан намаас Д.Сосорбарам гарсан, гүйцээ” хэмээв.
Н.БАТАА