ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах Засгийн газар хоорондын хорооны 15-р ээлжит хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 14-19-ний өдрүүдэд цахимаар болж байна. Энэхүү ээлжит хуралдаан Ямайка улсын Кингстон хотноо болох байсан ч дэлхий нийтэд тархаад буй цар тахлын улмаас анх удаа онлайн хэлбэрээр явагдаж 140 гаруй орны 800 орчим төлөөлөгч оролцож байна. Хуралдааныг Ямайка улсын Соёл, жендэр, энтертайнмент, спортын сайд хатагтай Оливиа Гранж даргалж байна.
Хуралдааныг нээж ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал хатагтай Одри Азулэй, Соёлын асуудал хариуцсан орлогч дарга Эрнесто Оттони нар үг хэлсэн бөгөөд Одри Азулей “Соёлын биет бус өв нь хүн төрөлхтний шархыг эдгээх хүчирхэг хэрэгсэл юм” гэдгийг цохон тэмдэглэж, Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцын жагсаалтад бүртгэгдсэн соёлын биет өвүүд нь дэлхий нийтийн хамтын нийгэмлэгийн 2030 он хүртэлх зорилт болох Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг хангахад хувь нэмэр оруулж харилцан хамааралтай байгааг дурдан “Амьд өв ба тогтвортой хөгжлийг сурталчлах” шинэ хэрэгсэл ЮНЕСКО-оос гаргасныг танилцуулав.
Энэхүү хуралдаанаар Монгол улсаас Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Яаралтай хамгаалах жагсаалтад бүртгэгдсэн “Монгол Лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга барил – битүү амьсгаа” болон “Ингэнд ботго авахуулах уламжлалт зан үйл” өвүүдийн хадгалалт хамгаалалтын тайланг авч хэлэлцэх байсан бөгөөд өчигдөр болсон хуралдаанаар хэлэлцэж хорооноос тодорхой зөвлөмж өгөөд байна.
Манай улс “Монгол Лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга барил – битүү амьсгаа” өвийг хамгаалах чиглэлээр Соёлын биет бус өвийн олон улсын сангаас туслалцаа авч төсөл хэрэгжүүлж байгаа болно.
Дашрамд дурдахад Ямайка улс нь Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад хоёр өв бүртгүүлсний нэг нь 2018 онд Маврики улсын Порт Луис хотноо болсон Соёлын биет бус өвийг хамгаалах Засгийн газар хоорондын хорооны 13-р хуралдаанаар Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн регги хөгжим бөгөөд 6 өдрийн турш үргэлжлэх энэхүү хуралдааныг маргинал хүмүүсийн дуу хоолой болж анх гарч ирээд Карибийн тэнгис, Латин Америк төдийгүй дэлхийн хөгжим болсон регги хөгжмөөр нээж, хааж байгаа юм.
Н.БАТАА