Коронавирусийн халдвар авсан батлагдсан тохиолдлуудаас авсан шинжилгээний сорьц, тариур зэргийг Улаанчулуутын хогийн цэг дээр ил задгай хаясан байна гэх асуудлыг Ergelt.mn сайт хөндсөн билээ.
Дээрх сайтад гарсан мэдээлэлтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт шинжилгээ хийж байгаа юм байна. Шалгалтынхаа талаар тус газар цахим хуудсандаа “Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламжууд болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-иудын үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын байгууллагаас өдөр бүр хяналт тандалт хийж байна.
2020 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр 277 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 3 тусгаарлан ажиглах байр, 15 түргэвчилсэн оношилгооны цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА-наас гэсэн газруудаас 4,622.3 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан.
Хог хаягдлын бүтцээр авч үзвэл эрүүл мэндийн байгууллагаас 4,083.4 кг /хурц үзүүртэй, эмгэг хог, эмийн болон эсэд хортой, бусад халдвартай/, тусгаарлах байрнаас 97.9 кг, PCR шинжилгээний 285.2 кг, онгоц, карго ачаа тээврийн 82.3 кг хог хаягдал цуглууллаа. Цуглуулсан 4,548.8 кг хогийг устгаснаас 3,265 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 1,283.8 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгалаа” хэмээн мэдээлсэн байна.
Мөн Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Эрүүл мэндийн сайдын Эмнэлгийн хог хаягдлыг тээвэрлэх, устгах тухай журам бий. Журмын дагуу бүх үйл ажиллагаа явагдаж байгаа. Одоогоор шинжилгээний материалаас болоод халдвар тархсан явдал байхгүй гэдгийг хэлье” гэж хэллээ.
Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг ангилан ялгах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, халдваргүйтгэх, устгах түр журам 2011 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан байдаг.
Л.Баяр