Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын НАРАН сургууль, АМИНСАР цэцэрлэгийн хамт олон коронавируст Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан хүнс тэжээлийн хомсдолд орж болзошгүй, зорилтот бүлгийн иргэдэд туслах “Өгөөмөр гар-6” сайн үйлсийн аян өрнүүлжээ.
Зургаан өдөр үргэлжилсэн аяны хүрээнд нийт 3 сая 537 мянган төгрөгийн хандив цуглаж, энэхүү мөнгөөр 100 өрхөд олгох “Хүнсний багц” бэлтгэснээ өнөөдөр БГД-ийн Засаг даргын орлогч, Шуурхай штабын дарга Д.Мөнхбаатарт гардууллаа.
Энэ талаар Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар: “БГД-ийн Засаг дарга, Онцгой комиссийн нэрийн өмнөөс та бүхний санал санаачилгад талархал илэрхийлье! Бид дэмжлэг зайлгүй шаардлагатай айл өрхүүдэд энэхүү хүнсний багцыг хүргэх ажлыг шуурхай зохион байгуулах болно” хэмээн хэлсэн.
“Наран” сургуулийн захирал Г.Цэцэгжаргал “Бид 500 гаруй сурагч, цэцэрлэгийн багачууд, 70 гаруй багш ажилчдынхаа сайхан сэтгэлийн хандивыг БГД-ийнхээ зорилтот бүлгийн иргэдэд хүргэхийг хүсч нутгийн удирдлагын байгууллагадаа хандаж байна” хэмээн онцолсон юм.
Баянгол дүүрэг ЗДТГ