Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: “Суманд улс төржихгүй байдлыг бий болгох заалт байхгүй байна. Үүн дээр тодорхой хариулт өгөөч. Хамгийн чухал зүйл бол сумдыг нэгтгэх асуудал байна. Хүчээр нэгтгэх биш коридор, кластр, хот байгуулалтаар нэгтгэж болно. Бүгд Улаанбаатар хотдоо шавсан. 330 сумын 50 хувь нь 2,000 хүрэхгүй хүн амтай. Ямар ч эдийн засгийн боломж байхгүй. Ганцхан төсөв л хардаг.
Хуульчид энэ хуулийн дээр Үндсэн хууль л байна гэж ярьсан. Тэгвэл яагаад ард түмнээсээ хуулийн төсөл дээр санал асуулга авахгүй байгаа юм бэ? Говь-Алтай аймагт уулын орой дээр хүмүүс 00 барьж байна. Хүний эрхийн асуудал яах юм бэ? Ард түмнээсээ асууж байж хамтдаа шийдье” гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Таны яриад байгааг УИХ дахь олонхийн бүлэг хийж байгаа. Улс төрийн намын шинэчлэл хийх том ажил байгаа. Эхний алхам болгож суманд намын бүлэг байгуулахгүй. Нэгжийг томруулах нэгтгэх процедур анх удаа хуульд суусан.
Нэгжийг нэгтгэх ажлыг Засгийн газар шийднэ. Түүнчлэн нэгжийг өөрчлөх зарчимд өмнө нь иргэдэд үйлчилж байсныг дордуулахгүй гэж заасан. Засгийн газар тусгай тооцоог хийгээд УИХ шийднэ” гэв.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: “Энэ хуулиар орон нутагт төсвийн эрх мэдлийг нь өгч байгаад талархаж байна. Газрын төлбөр, ААН-ийн орлогын албан татварын тодорхой хувь орон нутагтаа үлддэг болж байгаа нь давуу тал юм.
Харин орон нутагт улс төржилтийг багасгая гэж байгаа бол баг, хорооны Засаг даргыг дээд шатны Засаг дарга буюу сум, дүүргийн Засаг дарга нь томилдог байвал зүгээр юм. Ингэвэл орон нутагт улс төржилтийг багасгах маш том алхам болно. Үүнийг хийж чадсангүй.
Мөн хорооны Засаг даргын ажлын албанд тодорхой хэмжээний төсөв тавьж өгөх шаардлагатай байна. 20-30 мянган хүн амтай хорооны айл өрхүүд уулаар нэг тарчихсан байдаг. Засаг дарга нар айлуудаараа яьъя гэхээр машин байдаггүй. Дээр нь бичиг цаасны зардал их. Тиймээс хорооны Засаг даргын ажлын албыг төсөвтэй болох эрхийг энэ хуулиар олгоод өгчихсөн бол том дэвшил гарах байсан юм” гэв.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар: “Хорооны асуудал дээр дэвшил гаргасан гэж хэлж болно. 16.4-т баг, хорооны үйл ажиллагааны зардлыг сум, дүүргийн төсөвт тусгайлан тусгана гэж заасан байгаа. Дээр нь хороог хэсгийн зохион байгуулалттай байхыг баталгаажуулж өгсөн.
Баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга шууд томилох асуудлыг Үндсэн хуулиар хязгаарласан. Үүнийг нутгийн өөрөө удирдах ёсыг халсан хэрэг болно гэж үзсэн. Тиймээс бид Үндсэн хуульдаа нийцүүлж, сум, дүүргийн Засаг дарга нь баг, хорооны Засаг даргын нэр дэвшүүлэх ажиллагаанд санал өгч болно гэж оруулсан. Одоогийнхтой харьцуулахад нэг алхам урагшилсан” гэлээ.
Н.БАТАА