Японы экспертийн сэтгүүл дэлхий дахин дахь Хятадын “вакцины давшилт”-ын асуудлаар түгшүүр зарлажээ. Төрийн аппарат болон хувийн эм зүйн хүчирхэг компаниудынх нь хамтын ажиллагааных нь талаар онцгойлон тэмдэглэсэн байна. Хятадын хэтийн зорилго бол “өөрсдийнхөө нөмөр нөөлөг” доорх коронавирусийн дараах дэлхийн эмх журмыг тогтоож, түүгээр ноёрхолд хүрэх гэсэн санаа юм.
JB Press: Хятадын хэтийн зорилгод чиглэсэн аюултай “вакцины давшилт”
Их Британи улс ямар ч байсан коронавирусийн шинэ тарилгаа хийж эхэллээ. 90 настай эмэгтэй АНУ-ын Pfizer, Германы Biontech компанийн боловсруулсан вакциныг хамгийн анх хийлгэжээ. Харин АНУ-д вакцинжуулалт онц эцэс гэхэл эхлэх төлөвтэй байна. Орост хүн амаа «Спутник V»-аар вакцинжуулах ажил эхэлсэн бол Хятадын Sinovac Biotech-ын вакцины эхний 1,2 сая тун Индонезид бууж, нийтээр нь тарих ажил эхлэх гэж байна.
Каори Фүкүшима (Kaori Fukushima)
Вакцинжуулалт эхэлнэ гэдэг коронавируст өртсөн ямар ч орны хувьд сайхан мэдээ. Гэвч ямар улс КОВИД-19-ийн эсрэг вакцины дэлхийн зах зээлийг хяналтандаа авах вэ гэдэг асуудал урьдын адил түгшүүр төрүүлсэн хэвээр байна. Энэ үзэгдэл вакцинаар вирусийг бодитоор ялж, коронавирусийн дараах олон улсын нийгэмлэгт дүрэм тогтоогч болсон улсад л үйлчилнэ.
Тэр дундаа Хятад улс онцгой болгоомжлол төрүүлж байна. Хятадын Sinofarm корпорацийн группт багтдаг Sinovac Biotech компанийн боловсруулсан идэвхжүүлээгүй вакциныг 2-9 градусын температурт хэвийн тээвэрлэж болно. Гэтэл Америкийн Pfizer компанийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн -70 болон түүнээс доош температурт тээвэрлэх хатуу шаардлагатай байдаг. Хятадын вакцин ийм тодорхойлолттой болохоор хөгжиж буй орнуудад ч ашиглахад боломжтой болгож байгаа юм. Хятад улс оны эцсээр 600 сая тунг үйлдвэрлэснээр дэлхийн хөгжиж буй орнуудын вакцины зах зээлийг эзлэх магадлал өндөр байна.
Дэлхий дахин үнэхээр Хятадын вакцинаас хамааралтай болсон уу?
Он дуусахаас өмнө Хятад улс дэлхийн зах зээл дээр КОВИД-19-ийн эсрэг 600 сая тун вакцин нийлүүлнэ.
Арванхоёрдугаар сарын 3-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн тусгай хуралдаанд БНХАУ-ын дарга Си Жиньпиний нэрийн өмнөөс оролцсон Хятадын Ерөнхий сайд Ван И мэдэгдэхдээ, “Хятад улс хөгжиж буй орнуудад вирусийн эсрэг вакцинаа агуу гүрний дэлхийд гүйцэтгэх үүргийнхээ дагуу идэвхтэй олгох болно” гэж мэдэгджээ. БНХАУ-ын эрх бүхий хүмүүс ч арванхоёрдугаар сарын 4-нд мэдэгдэхдээ Хятад улс орны эцэс гэхэд шинэ ковидын эсрэг 600 сая тун вакциныг зах зээлд нийлүүлнэ гэжээ. Ийнхүү Хятад улс “вакцины дипломат бодлого”-оор давшиж эхэлснээ дэлхий дахинд илээр зарлачихлаа.
БНХАУ-ын Шадар сайд Сунь Чуньлань арванхоёрдугаар сарын 2-нд вирусийн эсрэг вакцины салбар дахь Хятадын судалгааг идэвхжүүлэх асуудлаарх зөвлөгөөнд оролцох үеэрээ энэ онд нисэх онгоцны буудал, тэнгисийн боомтуудын ажилтнууд, түүнчлэн “коронавирустэй тэмцэх тэргүүн эгнээнд” байгаа “эрсдэлтэй бүлгийн” бусад хүмүүсийг вакцинжуулна гэжээ. Вакцинжуулалт арми, эмч нарын дунд хэдийнэ эхэлчихсэн аж.
“Хятадын идэвхжүүлээгүй вакцины үндсэн тодорхойлолтууд байгалийн вирусийн бүтэцтэй ойролцоо тул тарилга хийлгэсний дараа хүний бие махбодын дархлааны хариу өндөр үр дүн, аюулгүй байдлаар хангагддаг” хэмээн Хятадын технологийн их сургуулийн профессор Ван Зюньжи хэлсэн байна. Pfizer, Moderna-гийн вакцинууд -70, -20 гэсэн маш бага температурт хадгалах нарийн горим шаарддаг. Харин Хятадын идэвхжүүлээгүй вакциныг 2-8 градусын температурт зөөврөлөж болдог учраас байнга агаараар тээвэрлэхэд асуудал болдоггүй гэжээ.
Newsweek сэтгүүлийн сайтад арванхоёрдугаар сарын 4-нд гарсан мэдээллээс гарахад Турк улс арванхоёрдугаар сарын хоёр дахь хагасаас Хятадын вакцинаар вакцинжуулахаар төлөвлөж байна. Өмнөд Америкийн зарим улс хүн амаа сүүлийн хэдэн сарын хугацаанд Хятадын вакцинаар тарьж байгаа. Үүнээс гадна Марокко улс оны төгсгөлд насанд хүрсэн хүн амынхаа 80%-ийг Хятадын вакцинд хамруулахаар бэлтгэж байна.
Арванхоёрдугаар сарын 9-нд Арабын Нэгдсэн Эмират улс Sinovac Biotech-ийн юакциныг ашиглахаа албан ёсоор зарласан. АНЭУ-д энэ вакцины клиник туршилтын гуравдугаар үе шатыг явуулахад үр дүн нь 86%-ийн түвшинг барьж байгаа нь батлагджээ. Sinovac Biotech вакцины аюулгүй байдлыг туршилтын явцад ямар нэгэн гаж нөлөө илрээгүйгээр баталж байгаа юм. АНЭУ-ын олонх төрийн албан хаагчид энэ вакциныг хийлгэжээ. Гэсэн хэдий ч Хятадын вакцины үр дүнтэй холбоотой эргэлзээ одоо ч хэвээр байгаа юм.
Хятадууд өөрсдөө ч эх орныхоо үйлдвэрийн вакцинд тийм ч гүн итгэлтэй бус байгаа нь тодорхой байна. Тухайлбал, Уганда улс дахь Хятадын ЭСЯ-ны мэдээлснээр бол орон нутаг дахь Энэтхэгийн компанийн гүйцэтгэж буй барилгын төслүүд дээр ажиллаж буй Хятадын 47 ажилтнаас КОВИД-19 илэрчээ. Заримд нь халуурах, ханиалгах, бие нь муудах, суулгах шинж илэрсэн байна. Тайванийн “Зью шибао” сонины мэдээллээр эдгээр 47 хүн Хятадад үйлдвэрлэсэн коронавирусийн вакцин хийлгэсэн хүмүүс байсан гэнэ. Хэрвээ үнэхээр тийм бол Хятадын вакцин үр дүнгүй гэдэг нь харагдаж байна.
Хятадын албан ёсны мэдээллээс үзэхэд Sinovac Biotech-ийн вакциныг энэ оны зургаадугаар сараас хилийн чанадад ажиллахаар явж буй хятад ажилчдад нэн тэргүүнд хийж эхэлжээ. Энэ хугацаанд төвийн засаг захиргааны байгууллагад ажиллаж буй 56 000 орчим ажилчин вакцинжуулалтад орсон байна. Угандагийн төслийн ажилтнуудын хувьд мөн л энэхүү тарилгыг хийлгэсэн байх ёстой байсан. Гэвч Хятадын тал үүнийг албан ёсоор батлаагүй юм.
Үүнээс гадна энэ оны аравдугаар сард Бразилд Sinovac Biotech-ийн вакцины туршилт явуулж байснаа түр зогсоосон. Учир нь туршилтад оролцогчдын дунд таагүй хариу урвал илэрч, бүр нэг нь нас барсан аж. Хятадын тал энэхүү таагүй урвал нь вакцины аюулгүй байдалтай огт холбоогүй, Бразилд туршилтаа зогсоосон нь Бразилын төр засгийн улс төрийн шийдвэр байж магадгүй гэсэн байна.
Анагаах ухааны Lancet сэтгүүлд нийтлэгдсэн клиникийн туршилтын үр дүнгээс харахад Sinovac Biotech-ын вакцин эхний тарилгаас хойш 28 өдрийн турш коронавирусийн эсрэг эсрэг биет хүний биет боловсруулдаг байна. Гэхдээ эсрэг биетийн түвшин маш бага учраас эхний вакжинжуулалтаас хойш давтан халдварласан нэг бус удаагийн тохиолдол гарч байсан гэж тэмдэглэжээ.
Хятадын Kang Tai Bio компанийн вакцин үйлдвэрлэгчтэй холбоотой дуулиан
Хятадын вакцинуудын таагүй имиж Хятадын эмийн үйлдвэрлэлийн ил тод бус байдалтай ихэвчлэн холбогддог. Тухайлбал, Хятадын вакцины томоохон үйлдвэрлэгч Kang Tai Bio Co., Ltd компанийн ТУЗ-ийн дарга Ду Вэйминийг тойрсон дуулиан. Арванхоёрдугаар сарын 7-нд New York Times сонин түүнийг илчилсэн нэгэн тусгай материалыг нийтэлсэн юм. Kang Tai Bio Co., Ltd компани коронавирусийн эсрэг өөрсдийн шинэ вакцинаа боловсруулахын зэрэгцээ Их Британид Британи-Шведийн эм зүйн Astra Zeneca компанийн бүтээсэн вирусийн эсрэг 200 сая тун вакциныг Хятадад үйлдвэрлэх үүрэг хүлээжээ.
Kang Tai Bio Co., Ltd болон Ду Вэйминь нар өөрсдөө эртнээс вакцины үйлдвэрлэлтэй холбоотой янз бүрийн дуулианы бай болоод байгаа. 2013 онд В гепатитын эсрэг бэлдмэлийг тойрсон дуулиан дэгдсэн. Тухайн үед энэ тарилгаас болоод бага насны 17 хүүхэд нас барсан юм.
Хэдийгээр тухайн үед энэ тариа болон хүүхдүүдийн нас баралтын хооронд шалтгаан-үр дагаврын шууд холбоог тогтоож чадаагүй боловч төрөөс гомдол шүүмжлэл гаргасан эцэг эхчүүд болон бусад хүмүүст дарамт шахалт үзүүлж, энэ хэргийг дарахын тулд олон нийтийн санаа бодолд хяналт тавих арга хэрэглэсэн гэж үздэг. Тэр цагаас хойш Хятадын нийгэм Kang Tai Bio компани болон Ду Вэйминьд итгэх итгэл үгүй болжээ.
Ду Вэйминьтэй холбоотой хүмүүсийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулсан өөр нэгэн тохиолдол 2010 онд гарч байсан гэдэг. Тухайн үед хяналт шалтгалтын байгууллагаас тус компанийн үйлдвэрлэсэн 180 000 тун галзуугийн вакцин үр дүнгүй болохыг илрүүлжээ. Ингээд Ду Вэйминь дуулианаас бултахын тулд Kang Tai Biological-ын хувьцаагаа эмийн өөр компанид шилжүүлсэн гэж мэдэгджээ.
Тухайн онд Кан Тай компанийн үйлдвэрлэсэн В гепатитын эсрэг вакциныг хийлгэсэн Гуандун мужийн бага сургуулийн хэдэн арван сурагч бөөлжсөн, толгой өвдсөн зовуурь илэрчээ. Төрөөс үүнийг олныг хамарсан сэтгэцийн хариу үйлдэл гээд, вакцины чанартай үүнийг холбохгүй байв. Гэвч гурван жилийн дараа В гепатитын эсрэг бэлдмэлийг тариулсан бага насны хүүхдүүд олноороо амиа алдсан дээрх тохиолдол гарах үед Kang Tai Bio Co., Ltd.-ы вакцинд олон нийт эргэлзэж эхэлсэн юм. Гэвч төр засгаас ч, албан ёсны хэвлэлүүд ч вакцины асуудлыг хүлээн зөвшөөрөөгүй, харин эцэг эхчүүд, хараат бус сэтгүүлчид, эрэдмэтэд л вакцины эсрэг мөрдлөг шалгалтаа үргэлжлүүлсээр “өдөөн хатгалга үйлдсэн”, “эмх замбараагүй байдал” дэгдээсэн асуудлаар баривчлагдсан удаатай. Тэднийг дуугүй байхыг шаардаж хуурамч мэдээлэл, хов жив тараасан гэж буруутгажээ.
2016 онд Ду Вэйминь нэг вакциндаа хурдан хугацаанд зөвшөөрөл авахын тулд хяналт шалгалтын байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнуудад ээлжит хахуулиа өгсөн аж. Ингээд эдгээр эрх мэдэлтнүүдийг хээл хахуулийн хэргээр шүүжээ. Харин Ду Вэйминь өөрөө ямар ч буруугүй, уснаас цэвэр гарч ирсэн байна. New York Times үүнийг цаад шалтгааныг дурдаагүй ч Ду Вэйминийг дуулиантай түүхтэй хүн гэж үздэг. Цяньси мужид ядуу тариачны гэр бүлд төрсөн, мэргэжил техникийн сургуулийг арайхийн төгссөн тэрбээр орон нутгийн эрүүл ахуйн ажилтан болж, Хятадын эм зүйн үйлдвэрлэлд “шинэчлэл, ил тод байдлын давалгаа”-нд орж чадсан гэдэг.
Хэдийгээр ийм дуулианд холбогдсон ч Kang Tai Bio Co., Ltd.-ыг БНХАУ дахь Билл Гейтсийн сангийн тэргүүн асан доктор Рей Ийп “Хятадын вакцин үйлдвэрлэлийн хамгийн тэргүүлэгч компаниудын нэг” хэмээн нэрлэж байжээ. Дээр бичсэнчлэн Kang Tai Bio Co., Ltd. Нь өөрсдийн гэсэн идэвхжүүлээгүй вакцин боловсруулж, есдүгээр сард клиникийн туршилтаа эхлүүлжээ. Үүний зэрэгцээ тэд Британийн AstraZeneca компанийн вакциныг үйлдвэрлэр юм байна. Шэньжэнь хотын захиргаа компанид 20 000 м.кв газрыг вирусийн эсрэг вакцин үйлдвэрлэх шинэ үйлдвэр барихад нь зориулан түрээслүүлэхээр болжээ.
Хятадын “вакцины гадаад давшилт”-ыг эсэргүүцэх нь
Эндээс төр засгийн дэмжлэгтэй Хятадын эм зүйн бизнес, төвийн болон орон нутгийн засаг захиргаа “хэлхэлдэн нийлсэн” нөхцөл байдал бий болсон гэж харахаар байна. Хяадын үйлдвэрлэсэн вакцин зөвхөн Хятаддаа ашиглаж байвал энэ бол Хятадын өөрсдийнх нь дотоод хэрэг. Харин КОВИД-19—ийн эсрэг Хятадын шинэ вакцинуудыг дэлхий даяар ашиглахаар төлөвлөж байгаа хэрэг. Тэр тусмаа коронагийн дараах олон улсын нийгэмлэгийн бүтэц аль улсын вакцин эцсийн дүнгээ дэлхийн зах зээлийг хянах вэ гэдгээс хамаарах болчихоод байгаа юм.
Германы нөлөө бүхий Süddeutsche Zeitung сонин “Хятадын дэлхийн “вакцины дипломат”” гарчигтай дараах тайлбарыг нийтэлжээ.
“Хятад улс олон оронд “амны хаалтны дипломат”-ыг хэрэглэж, вирусийн гарал үүслийн тухай дэлхий дахины маргааныг тогтоон барихыг хичээж байна. Одоогийн байдлаар тус улс “вакцины дипломат”-ыг хөгжүүлж байгаа бөгөөд түүнийх нь зорилго нь бэлгэдэл төдий ялалт байгуулах биш юм. Үнэхээр биш. Хятад улс ирээдүйд юунд тэмүүлж байгаа нь ойрын саруудад тодорхой болно. Өмнөд Америк, Карибын сав газрын орнууд Бээжингээс хэдэн тэрбум долларын зээл авсан. Тэд Хятадын вакцин худалдан авахаар шийдсэн. Мексик түүнчлэн 3500 вакцины мөнгө төлсөн бол Бразилын Эрүүл мэндийн сайд нь бусад орнуудад хятадын вакцины өмгөөлөгчөөр оролцох болсон. Азийн ихэнх орон мөн л энэхүү давалгаанд нэгдсэн. Хятадын вакцины клиник туршилтын хөтөлбөрт оролцож буй дор хаяж 16 улс энэ вакциныг авах хүсэлтээ илэрхийлчихсэн. Коронавирусийн эсрэг хятад вакцины стратегийн дайралт Хятадын удирдагчдын бодож байгаагаар бол “Агуу торгоны зам”-ыг давтсан явдал. Гэхдээ зөвхөн эрүүл мэндийн салбарт хамааралтай” гэжээ.
Өөрөөр хэлбэл Хятад улс “Торгоны зам”, “Нэг бүс-нэг зам” санаачилгаа вирусийн эсрэг вакцины салбараар эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэхийг эрмэлзэж байна. Давуу эрхийг Хятадад дуулгавартай орнуудад олгож, Хятад улс ч энд өөрсдийнхөө тоглоомын дүрмийг тогтоох болно. Süddeutsche Zeitung-ын баталсан урьдчилсан прогнозоор бол Хятадын вакциныг хэрэглэж буй бүх орон ДЭМБ Хятадад захирагдсан шиг Хятадыг дуулгавартай дагах болно гэжээ.
Хэрэв зээ ардчилсан орнууд Хятадын “вакцины энэхүү давшилт”-ыг эсэргүүцэж гарахаар, хөгжиж буй орнуудын зах зээл дээр гарч болох илүү хямд вакцинууд боловсруулж чадахгүй бол дэлхийн ихэнх хэсэг эцэстээ Хятадын вакцинаас үнэмлэхүй хамааралтай болно. Энэ нь Хятад улсад манай гараг дээр дэлхийн шинэ эмх журам тогтоох замыг нээж өгнө гэсэн үг.
Энэ нөхцөлд дэлхий даяар вакцины энгийн хэрэглээ нэмэгдэж байгаад баярлах хэрэггүй болно. Япон улс магадгүй ирэх онд Токиогийн Олимпийн наадмаа явуулахын тулд вакцин авах хүсэлт гаргаж мэднэ. Энэ үед манай улс Хятадын вакцин авахаас бүхий л хүчээрээ зайлсхийх хэрэгтэй байна.
Үүний оронд Япон улс өөрсдийн гэсэн вакцинаа боловсруулж амжихын тулд хүч чармайлт гаргаж, хожуухан ч гэсэн хийх хэрэгтэй. Үүнээс зөвхөн манай ард түмний эрүүл мэнд, аюулгүй байдал төдийгүй коронавирусийн дараах дэлхийн эмх журам бүрдэх нь шалтгаална гэдгийг ухамсарлах хэрэгтэй.
Э.МАРТ
Эх сурвалж: inosmi.ru
Оргининал эх нь: jbpress.ismedia.jp