Засгийн газраас баталсан “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаар тогтоолын 8 дахь заалтад “Банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны долдугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд авч хэрэгжүүлэх шийдвэр гарсан.
Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо 11 дүгээр сарын 23-наас 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд цахим хуудас /http://www.frc.mn/i/Feedback/ болон 51-262608 утсаар иргэдээс ирсэн нийт 691 өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өгч, тухай бүрт нь хариу хүргүүлж ажиллалаа.
Нийт өргөдөл, гомдол, хүсэлтийн 75.0 хувь буюу 518 нь утсаар хүлээн авсан дуудлага бол 25.0 хувь буюу 173 нь цахимаар ирүүлсэн өргөдөл, хүсэлт эзэлж байна. Иргэдээс ирсэн нийт өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн 56.6 хувийг ББСБ-уудаас олгосон зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахтай холбоотой эзэлж байна.
Харин 42.3 хувийг барьцаалан зээлдүүлэх газар зэрэг Санхүүгийн зохицуулах хорооны хяналт, зохицуулалтад хамаардаггүй хуулийн этгээдийн үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол байлаа.
Цаашид иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын зээлийн эргэн төлөлт, зээлийн гэрээний хугацаа сунгах, нөхцөл өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны долдугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлээгүй ББСБ-уудын талаарх өргөдөл, гомдлыг Хорооны /http://www.frc.mn/i/Feedback/ цахим хуудас болон 51-261275, 51-262608 утсаар хүлээн авч, шуурхай шийдвэрлэж ажиллах болно.
Эх сурвалж: СЗХ