Улсын онцгой комиссоос энэ сард гурван удаагийн тусгай үүргийн нислэг хийх урьдчилсан шийдвэрийг гаргаад буй. Тодруулбал, 12 дугаар сарын 16-нд Франкфурт, 12 дугаар сарын 20-нд Токио, 12 дугаар сарын 25-нд Сөүлээс чартер нислэгээр иргэдээ авчрахаар болсон. Ингэхдээ 11 дүгээр сард цуцлагдсан нислэгүүдэд нэрс нь баталгаажсан иргэдийг дээрх нислэгүүдэд тэргүүн ээлжинд хамруулахаар болоод байсан юм. Гэтэл Японоос нислэг үйлдэх 160 суудалтай онгоцонд тус улсаас эх орондоо ирэхээр хүсэлтээ өгөөд байсан монгол иргэдээс 20 хүн л авч явах боломжтойгоо мэдэгдээд байгаа аж. Үлдсэн 140 суудлыг дамжин өнгөрөх замаар буюу транзит нислэгээр ирсэн зорчигчдод үлдээжээ.
Энэ нь Японд нислэгээ хүлээж байсан олон иргэдийн сэтгэл зүйд маш хүндээр тусч байгаа төдийгүй санхүү, гэр бүлийн нөхцөл байдлыг улам хүндрүүлээд байгаа юм. Нислэгт хамрагдах боломжтой хэмээн ойлгож хүсэлтээ өгсөн хүмүүс дотор 20-ны өдрөөс урьтаж амьдарч буй байраа хүлээлгэж өгсөн, ажил сургалтаасаа чөлөөлөгдсөн, айлаар хоног төөрүүлж байгаа маш олон хүн байгаа төдийгүй яаралтай Монголд ирэх шалтгаантай хүмүүс хүртэл орхигдох дээрээ тулаад байгааг Японд байгаа зарим иргэд бидэнд мэдээллээ.
Нөгөөтэйгүүр Японоос 19-ний өдөр Монголруу нислэг үйлдэх нэмэлт нэг онгоц байгаа хэдий ч зөвхөн ачаа тээвэр авч явна гэж байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа юм. Учир нь дэлхийн нийт 45 оронд Монгол Улсын 6300 гаруй иргэн нутаг буцах хүсэлтээ өгч цөхөрлөө бартал хүлээгээд байгаа билээ. Японд энэ удаагийн нислэгт багтаж чадаагүй иргэд дунд албан ажлаар, хувийн журмаар, аялал жуулчлалаар гэх мэт зорилгоор зорчсон жирэмсэн, өндөр настай, бага насны хүүхэдтэй гэр бүлүүд цөөнгүй байна.
Эх сурвалж: enter.mn