Өөрийн гэсэн инновацийн “жор”-той өмнөд хөршийн сониноос …

2017-06-15 11:343min0
Beijing

[starbox]

БНХАУ-ын дарга Си Зинпинь 2014 оны наймдугаар сард Монгол Улсад айлчлахдаа таван жилийн дотор Монголын 250 сэтгүүлчийг Хятадад урьж, хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрсаг сэтгэлийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн мэдэгдсэн. Түүний урилгын дагуу энэ сарын эхний өдрүүдэд Монголын хэвлэл мэдээллийнхэн БНХАУ-д айлчлаад ирлээ.

Айлчлалд Хятадын тал “БНХАУ-ын инновацын хөгжилд анхаарлаа хандуулъя” нэр оноосон нь дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй хэрэглээний том зах зээлийн эзэд энэ удаа өөрсдийн шинэ санаа, өндөр технологийг сурталчилах, инновацийг төрүүлж, нэвтрүүлж буй аж ахуйн нэгжүүдээ танилцуулах гэсэнтэй холбоотой биз ээ.

Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галааридийн ахалсан баг Хятадын Хан жио, Нин бө хотуудад ажилласан бол Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын дэд захирал П.Баярмагнайгаар ахлуулсан манай баг Гуандун мужийн Гуанжоу хот болон Шин Жэн хотыг зорьж, Хятадын инновацийн хөгжилтэй танилцлаа.

1980 онд дэлхийн хамгийн их хүн амтай, хамгийн ядуу орны тоонд багтаж байсан өмнөд хөрш өнөөдөр дэлхийн хамгийн том эдийн засагтай улсын нэгд багтах болсон. Өнгөрсөн онд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 74 их наяд 400 тэрбум юаньд хүрсэн бол дэлхий нийт Хятадын эдийн засгийн өсөлтийн нууцад анхаарлаа хандуулах болжээ.

Батлагдсан хөтөлбөрийн дагуу хэвлэлийнхний зорьж очсон газрын нэг нь “Zhongguancun” Үндэсний инновацийн бүсийн үзэсгэлэнгийн төв. БНХАУ-ын хамгийн сүүлийн үеийн, өндөр технологийн ололт амжилтыг харуулах зорилготой энэ үзэсгэлэнгийн танхимд программ хангамж, хиймэл дагуулын холбоо, биологийн болон эрүүл мэндийн салбарын бүтээгдэхүүн, шинэ төрлийн вакцин, шинэ эрчим хүч, өндөр чанартай тоног төхөөрөмж, ирээдүйн үйлдвэрлэл, нисэх онгоц, нэг цэгийн навигацийн үйлчилгээ, 3D хэвлэх технологи зэргийг үйлдвэрлэсэн 200 гаруй аж ахуйн нэгж, бүтээгдэхүүнээ дэлгэж амжжээ.

Хятад Улс шинжлэх ухаан, инновацийг хөгжүүлэхэд 410 тэрбум ам.доллар зарцуулдаг болсон нь ирэх 25 жилд тус улс өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, арилжаалах тал дээр дэлхийд тэргүүлэх зорилт тавьсантай нь холбоотой аж. Гэвч энэ зорилт нь төлөвлөсөн хугацаанаас өмнө хэрэгжих боломжтой гэж дэлхий нийт үзэж буй. Учир нь энэ тал дээр БНХАУ-ын өмнө ганцхан АНУ бичигдэж байгаа юм.

Хятадын нийгмийн сүлжээ 900 гаруй сая хэрэглэгчтэй

Айчлалын гурав дахь өдөр бид БНХАУ-ын эдийн засгийн таван гол төвийн нэг, өмнөд Хятадын тэнгисийн эрэг дээрх Гуандун мужийг зорьсон юм. Хятадын хамгийн их хүн амтай мужийн нэг Гуандун үндэсний эдийн засгийн бүтээгдэхүүний 12 хувийг үйлдвэрлэдэг. 1989 оноос хойш ДНБ-ний хэмжээгээр бусдыгаа тэргүүлж  буй тус мужийн төв Гуанжоу хотод Хятадын болон гадны корпорацын үйлдвэр байгууламж, оффис төвлөрч, олон улсын үзэсгэлэн яармагууд зохион байгуулагддаг аж.

Энд хэвлэл мэдээллийнхэн банкны АТМ болон төмөр замын мөнгөн гүйлгээ үйлчилгээний автомат теллер машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, Гуанжоу радио группын (GRG) охин компани “GRGBankingequlpmentсо.,Ltd” болон Хятадын нийгмийн сүлжээ болсон “WeChat”-ын төв оффист зочилсон. Гуанжоугийн Засгийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр 1999 онд Хятадын дотоодын анхны АТМ төхөөрөмжөө үйлдвэрлэсэн GRGBankingequlpmentсо.,Ltd нь өнөөдөр тус улсын электроникийн салбарт бие даасан инновацийн өндөр технологийг нийлүүлэгч, АТМ-ийн үйлдвэрлэлийн бааз болжээ.

Тэдний бүтээгдэхүүн дэлхийн 80 гаруй улс орон, бүс нутгийн санхүү, цахилгаан холбоо, төмөр зам, аж ахуйн нэгж, жижиглэнгийн худалдааны салбарт өргөнөөр ашиглагддаг байна. Харин 2010 оны аравдугаар сард Гуанжоу хотод төслийн хэмжээнд эхэлж байсан “WeChat”  2011 оноос олон нийтийн хэрэглээнд нэвтэрч, 2012 он гэхэд 100 сая хэрэглэгчдийг нэгдгэж чадсан бол 2017 оны эхний хагас жилд 900 гаруй сая идэвхтэй хэрэглэгчидтэй болжээ.

Өнгөрсөн цаг, шинэ үе хоёр зэрэгцэн орших Т.I.T

Гуанжоу хотод түр саатсан газрын нэг бол Т.I.Т бүтээлч үйлдвэрийн бүс. Хайнху дүүрэгт байрладаг бүсийн түүх 1952 оноос эхтэй бөгөөд энд 50 гаруй жилийн турш нэхмэлийн үйлдвэр ажиллаж байсан аж. Оргил үедээ 1400 гаруй ажиллагсадтай байсан ч 2007 онд хаагдсан үйлдвэрийн суурин дээр орон нутгийн засаг захиргаа Бүтээлч төв байгуулахаар шийдсэн байна. Гэхдээ энэ районы анхны архитектурыг хэвээр үлдээж, орчин үеийн загварын хувцас үйлдвэрлэгчдийг суурьшуулжээ.

Гуанжоу телевизийн цамхаг, консулын газар, үзэсгэлэнгийн төвтэй ойр, нийтийн тээврийн үйлчилгээнд дөхөм энэ паркаас гарч байгаа брэндүүд загварын ертөнцийн шинэ хандлагыг тодорхойлж, борлуулалтаараа илүүрхдэг байна. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийх нь 30 орчим хувийг соёл урлагийнхан худалдан авдаг гэнэ.

Хуучин загварын тоосгон байшингийн үлдэгдэлүүд, тэдний заримынх нь ханан дээр тод өнгийн будгаар сийлсэн эх оронч уриа лоозон барьсан ажилчдын зураг, өглөө эртлэн ирээд үйлдвэрийн хаалга онгойхыг хүлээн зогсох мэт байрлуулсан ажилчдын хөшөө зэргээс бүрдэх энэ районыг ногоон цэцэрлэг эмжсэн байх юм. Зай чөлөө багахан ч, эмх цэгцтэй гудамжуудад орчин цагийн хувцас загварын зураг төсөл гаргагчид, зөвлөгөө өгөгчид, брэнд загвар үйлдвэрлэгчид, бүтээгдэхүүнийг нь худалдаалах дэлгүүрүүд суурьшсан байх агаад энэ бүгд Т.I.Т бүтээлч үйлдвэрийн бүсийг ер бусын содон, өвөрмөц харагдуулах аж.

Инновацийн онцгой бүс Шин Жэн

Гуанжоуд “Намфан” сонин группээр орсон бид тус хотоос 200 км зайтай орших өмнөд Хятадын Гуандун мужийн орон нутгийн үнэ цэнэтэй хотын нэгд тооцогддог Шин Жэнийг зорьсон. Соёлын хувьсгалын үед хүнсний дутагдлаас болж хүнд хэцүүг хамгийн их амссан Шин Жэн хот 1970 он гэхэд ердөө 30 мянган хүн амтай, загасчин, тариачдын жижиг тосгон байжээ.

1980-аад онд эхэлсэн зах зээлийн шинэчлэлийн үед Хятадын удирдлагууд Хонгконгод дэндүү ойр, усаар хиллэдэг энэ тосгоныг хөгжүүлэхээр шийдэн улсаас их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байна. Мөн гаднаас хөрөнгө оруулалт татаж, олон зууны уламжлалтай тариачид, загасчдын тосгоныг аж үйлдвэр, санхүү, тээврийн ложистикийн төв бүхий бүс нутгийн эдийн засагт нөлөөтэй, технологийн дэвшилтэт хот болтол хөгжүүлжээ. Тус хотод Хятадын өндөр технологи бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд суурьшсан бол хотын эрх баригчид инновацийг дэмжих өөрийн гэсэн “жор”-той болсон байна.

Хотын хөгжил, инновацийн бодлого хэрэгжилтийн талаар Шин Жэний Шинжлэх ухаан технологи, инновацийн хорооны Бодлого судалгаа стратегийн газрын захирал Рао Мин Хуй ярихдаа “2006 онд инновацийг өөрсдөө гаргаж, өөрсдөө бий болгоно гэсэн бодлого хэрэгжүүлж, Хятадын хууль дүрэмтэй уялдсан, үйлдвэрлэгчдийг дэмжих тусгай журам гарган мөрдсөн. 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын үед 30 гаруй зүйлтэй Шин Жэний шинэ дүрмийг боловсруулж хэрэгжүүлсэн. Санхүүжилтийг нэмэгдүүлэх, татварыг хөнгөлөх, үйлдвэрийн байр байгууламжийн түрээсийг хөнгөлөх, ашигтай ажиллах үед нь татварын урамшууллаар хөнгөлөх гэх мэт заалттай энэ дүрэм нь инновацийг нэвтрүүлэхээр зүтгэж байгаа бизнесийнхэнд ашигтайгаар туссан. Үүнээс гадна суурь судалгаанд дэмжлэг үзүүлэх, гадаадад нарийн мэргэжлээр сурсан хүмүүсийг урих зэрэг ажилд Засгийн газар бодитой арга хэмжээ авч санхүүжүүлсэн учраас Шин Жэн Хятад даяар жишиг болсон, шинэчлэл техникийн онцгой бүс болтолоо хөгжсөн гэж байв.

Хубилай хааны ордныг үзэх боломж тохиох биз ээ

“Юнеско”-той хамтран музейн төсөл хэрэгжүүлж, жил бүр загварын долоо хоногийг зохион байгуулдаг Хятадын инновацийн бүс Шин Жэнд саатахдаа бид мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Das Intellitech” болон “Appotronics co., ltd” –ийн үйл ажиллагаатай мөн танилцаад амжсан. Албан ёсны хөтөлбөрт тусгагдсанаар бол Монголын хэвлэл мэдээллийнхэн Олон улсын сүлжээ, харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг “Hyawei” компаниар орох ёстой байсан ч хөтөлбөрт өөрчлөлт орсон гэж зохион байгуулагчид мэдэгдсэн юм.

Өмнөд хөрш 2016 онд хоёр тэрбум 100 сая ширхэг гар утас үйлдвэрлэсэн. Тус улсын мэдээлэл холбооны хэрэгсэл үйлдвэрлэгчдийн энэ амжилт 2015 оныхоос 13.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан гэж Хятадын Аж үйлдвэрлэл, мэдээжүүлэлтийн яам гуравдугаар сард мэдээлсэн байсан. Монголын зах зээлд ч олон хэрэглэгчтэй “Hyawei” компанитай танилцаад гарах энэ төлөвлөгөө харин хэрэгжээгүй юм.

Мөн  айлчлалын эхний өдрийн хөтөлбөрт зохион байгуулагч тал Монголын хэвлэл мэдээллийнхнийг Бээжинд буумагц Хубилай хааны ордон, Монголын эзэнт гүрний Юань гүрний нийслэлийн төвийг үзүүлэх төлөвлөгөөг тусгасан байлаа. Гэвч Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн нислэгээс буусан хэвлэл мэдээллийнхэн хил гаалийн хяналтыг давж, хүлээн авсан унаандаа хүрэх гэсээр байтал 17.00 цаг дөхсөн байв. “Хааны ордон 18.00 цагт хаалгаа барьдаг тул энэ удаа амжихгүй болов” хэмээн зохион байгуулагчид учирласан юм. Гэвч бидэнд биш гэхэд ирэх жил айлчлах багт Юань гүрнийг байгуулсан Хубилай хааны ордныг үзэж, сонирхох боломж тохионо гэдэг эргэлзэхгүй байна.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй