Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллээр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа болон Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар түргэвчилсэн тестийн талаар мэдээлэл өглөө.
А.Амбасэлмаа: Түргэвчилсэн тест бол маш өндөр мэдрэмтгий буюу 98-99 хувийн баталгаатай. Энэ тестээр үзэхэд ганц, хоёр эерэг хүн гарч ирнэ. Тэр нь батлагдахгүй эсвэл батлагдаж болно.
Эхний ээлжид түргэвчилсэн тестээрээ хүмүүсээ шинжлээд эргэлзээтэй хүмүүсээ олж авч, баталгаажуулж цааш явж байгаа нь бусад улс орны жишгээр явагдаж байна. Түргэвчилсэн тест муу, PCR сайн гэх асуудал ярьж болохгүй. PCR шинжилгээ ч 100 хувийн баталгаатай биш.
Д.Нарангэрэл: -Ямар ч шинжилгээ дэлхий дахинд 100 хувийн баталгаатай байхгүй. Коронавируст халдвар гарснаас хойших 11 сарын хугацаанд дэлхий дахинд анхны үеэ бодвол маш олон оношлуур гарсан. Тиймээс одоогийн бидний хэрэглэж байгаа түргэвчилсэн оношлуур нь эсрэг төрөгч буюу яг коронавирусээ л илрүүлэх шинжилгээ хийдэг. Энэ нь яг л PCR шинжилгээтэй адил хамар, залгиураас сорьц аван шинжилж байгаа гэдгийг ч ойлгох хэрэгтэй. Бидний одоогийн хэрэглэж байгаа оношлуурыг дэлхий дахинд ч өргөн хэрэглэж байна.
Л.Баяр