УИХ-ын намрын ээлжит чуулганы 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв
Хуралдаанд оролцсон 49 гишүүний 30 нь буюу 61.2 хувийн саналаар дэмжиж “Монгол УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа.
Дараа нь “Монгол УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6 дугаар зүйлд сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд хэрэглэх, ашиглах талаар Улсын Их Хурал шийдвэр гаргахаар хуульчилсны дагуу Монгол УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг тус тус хэрэглэхийг зөвшөөрөхөөр боловсруулсан байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй хэмээн дэмжжээ.
Санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан юм. “New Image Cast” санал тоолох төхөөрөмж нь АНУ-д үйлдвэрлэсэн, тус улс сонгуулийн санал хураалтдаа ашигладаг болохыг Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран хэллээ.
Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн 70.2 хувь нь төслийг батлах нь зүйтэй хэмээн үзсэн тул “Монгол УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоол батлагдав.
П.Бат-Эрдэнэ