“Говь” компанийн агуулах, үйлдвэрт өчигдөр (2017.06.14) орой 20.45 цаг орчимд гал гарав. Их хэмжээгээр тарсан галыг Нийслэлийн Онцгой байдлын газар болон Нийслэлийн Аврах ангийн нийт 200 орчим албан хаагчид 10 цагийн дараа буюу үүрээр 05.00 цагийн үед унтраалаа. Барилгын үндсэн дээвэр дээр 30 см-ийн зузаантай модон хийцээр нэмэлт дээвэр хийж, 3-5 давхар хар цаас, шилэн хөвөнгөөр давхар зузаалсан байсан тул галыг унтраахад хүндрэл учирсан хэмээн мэргэжлийнхэн учирласан байна.
Гал гарсан агуулах, үйлдвэрт ээлжийн ажилчид хонож, ажиллаж байсан аж. Компанийн ажилчид галын голомтод байсан эмэгтэй ажилчдаа гаргаж, онцгой байдлын албан хаагчидтай хамтран шатаж байгаа барилгаас бэлэн бүтээгдэхүүн, материалаа зөөн гаргаж амжжээ. Гэвч үйлдвэрийн сүлжих, оёх тоног төхөөрөмжүүд галд өртжээ. Мэргэжлийн байгууллагууд галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.