Цар тахал, дайн зэрэг нийгмийн хямралууд шинэ өнцөг, хэрэгцээ, зуршлыг бий болгож хүмүүс түүнд нь дасан зохицох шаардлагатай нүүр тулдаг. Хямралын үед шинэ боломж, чиглэлийг олж ашиглах хэрэгтэй ч энэ үед бүтээлч хандлагаа хадгалж үлдэнэ гэдэг хэцүү. Ингэж чадсан компаниуд үнэхээр ашигтай ажиллах боломжтой.
Өмнөх хямралуудын үед компаниудын 14 хувь нь шинэ чиглэлд хөрөнгө оруулснаар өөрийн түүхэн дээд үзүүлэлт болон өрсөлдөгчдөө хол хаяж чадсан байна. 2001 онд АНУ-ын эдийн засаг уналтад орж, Apple-ийн орлого 33 хувиар буураад байсан үед тус компани анхны iPod-ыг худалдаанд гаргаж байжээ. Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ шинэчлэх боломжийг олж харсан тус компани хямралыг үл хайхран судалгаа хөгжүүлэлтийнхээ зардлыг 10 хувиар нэмсэн байна.
Төсөөлөн бодох чадварынхаа ачаар та шинэ нөхцөлд дасан зохицоод зогсохгүй өөрт ашигтайгаар эргүүлэх боломжтой. Үүний тулд цаг үедээ тохирсон хэд хэдэн төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. Одоогийн нөхцөлд та дараах алхмуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй:
- Одоо үүсэж буй асуудлаас шуурхай хамгаалах арга хэмжээ авах
- Цар тахлын дараа бий болох эдийн засгийн уналтын үед хэрхэн амь гарах арга зам олох
- Хямрал саарахын хэрээр өсөлтийг бий болгох: сэргэж буй эрэлтийг бүрэн ашиглахын тулд санал болгож буй бүтээгдэхүүн, түгээх сувгуудаа өөрчлөх
- Цаашлах тусам нөхцөл байдалд нөлөөлөх амархан болох тул алсын хараатай компаниуд шинэ боломжуудыг нээсэн бүтээлч стратеги хэрэгжүүлж эхэлнэ.
Өөрөөр хэлбэл, сэргэлт ба дасан зохицох үйл явцыг төлөвлөлтөөр сольж, улмаар илүү бүтээлч хандлагатай алсын харааг бий болгох хэрэгтэй. Иймд компаниа илүү бүтээлч болгоход тань туслах 7 дүрмийг танилцуулж байна.
1. Тунгаах цаг гарга
Хямралын үед удирдлагуудад ирэх ачаалал улам нэмэгдэж, энгийн үеийнхээс богино хугацаанд асуудлыг шийдэх шаардлагатай тулгардаг. Ингэснээр амралт болод бодролдоо зарцуулах цаггүй болдог. Гэтэл нөхцөл байдлыг том зургаар нь харж, ирээдүйг төсөөлөхийн тулд нэг алхам хойш ухрах хэрэгтэй.
Хүнд нөхцөлд удирдлагууд зөн совингоороо асуудлыг шийддэг. Гэтэл инстиктээрээ шийдвэр гаргах нь бидний харах өнцгийг нарийсгадаг сул талтай. Энэ үед хүмүүс бодож тунгаахын ач холбогдлыг мартдаг. Хүндхэн өдрийн төгсгөлд гэртээ ирээд тухайн өдөр болсон үйл явдлыг тунгааж, дараагийн удаа хэрхэн илүү үр дүнд хүрэх тухай бодож байна гээд төсөөл дөө. Яг ийм хэмнэлийг та өөртөө бий болгож, үйл хөдлөл, бодол хоёрынхоо тэнцвэрийг олох хэрэгтэй. Хүнд нөхцөлд инстиктээрээ хариу үйлдэл үзүүлэхгүйн тулд дараах аргыг хэрэгжүүлээрэй:
- Удаанаар гүнзгий амьсгаа авч, амьсгалаа аажуухан гаргах
- Хоолоо яаралгүй идэх
- Хөгжим сонсох эсвэл тоглох
- Утасгүй гарч салхилах
2. Идэвхтэй асуулт тавь
Хямралын үед асуултынхаа хариултыг хурдан олох хэцүү тул зөв асуулт тавих нь чухал байдаг. Одоогийн нөхцөлд бид голдуу “Цаашид манай компани яах бол?” гэх зэрэг идэвхгүй асуулт асуудаг. Харин нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлэхийн тулд “Яаж шинэ боломжийг бий болгох вэ?” гэх мэтээр идэвхтэй асуулт тавих нь чухал.
Уран сэтгэмжээ ашиглан шинэ санаа, арга барилыг олоход тань чиглүүлэх асуултыг өөртөө тавих хэрэгтэй. Хямралын үед танд тус болох асуултыг доор жагсаалаа:
- Одоо ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ хамгийн эрэлттэй байна вэ?
- Хэрэглэгчдийн ямар асуудал шийдэгдээгүй байна вэ?
- Бид үйлчлүүлэгчдээ юугаар дутааж байна вэ?
- Хэрэв яг одоо компаниа байгуулж байсан бол юу хийх байсан бэ?
- Байнгын үйлчлүүлэгчид маань яагаад одоог хүртэл үйлчлүүлсээр байгаа вэ?
3. Тоглох цаг гарга
Хямралын үед ажил хэрэгч байж, зорилгоо үргэлж санах нь чухал. Гэвч хүн бас сатаарч, тоглож нааддаг гэдгийг мартаж болохгүй. Биологийн өнцгөөс харвал тоглоом бол эрсдэлгүй, хурдан суралцах арга билээ. Жишээ нь, амьтдын зулзагууд зодолдож тоглож байхдаа ирээдүйн жинхэнэ тэмцэлдээнийхээ бэлтгэлийг хийж байдаг.
Өнөөгийн барьцгүй, өөрчлөмтгий нөхцөлд энэ бүр ч чухал. Тоглоом тоглосноор амарч, стрессээ тайлахаас гадна бүтээмжээ ч нэмэгдүүлэх боломжтой.
Үргэлж зорилго, үр дүнгийн тухай бодолгүй өөртөө амрах цаг гаргаснаар өмнө нь олж хараагүйгээ харах болох боломж бүрдэнэ.
“Бүтээл бол өмнө нь байсан санаа, баримтууды шинэ бөгөөд ашигтай хослол юм. Яг л легогоор тоглохтой адил” гэж Lego Group-ийн захирал асан Йорген Виг Кнудсторп хэлжээ. Яг ийм л хослолын үр дүнд Google-ийн хайлтын систем, Airbnb-ийн бизнес модель шиг инноваци бий болдог.
Тоглоом тоглоод л үр дүн гарчихгүй ч тоглоомын тусламжтайгаар уран сэтгэмж, шинийг санаачлах чадвар, нээлттэй байдлаа дасгалжуулах боломжтой. Харин эдгээр чадвар нь танил бус зүйлтэй нүүр тулахад туйлын чухал юм.
4. Санаагаа солилцох тогтолцоог бий болго
Танай компанийн ажилтнууд одоо шинэ арга барилуудыг туршиж, шинэ зүйл сэдэж сурч байгаа. Алсын хараатай компаниуд ийм санаа санаачлагыг олж хараад ангилж, цааш нь өргөжүүлж байдаг.
Уран сэтгэмж зөвхөн нэг хүнийх бус багийнх байж болдог. Хүнтэй ярих тусам санаа тань илүү хөгжиж, олонд түгэж байдаг. Компаниуд багийн уран сэтгэмжийг бий болгох хэрэгтэй.
Ажилтнууддаа шинэ санаагаа хуваалцах боломжийг олго. Үүний тулд ямар нэг эрх мэдлийн шатлалгүйгээр бүгд тэнцүү харьцах боломжтой талбарыг бий болгох хэрэгтэй.
Бодит байдалд нийцэхгүй, “хөрсөн дээрээ буухгүй” гэсэн шалтгаанаар компаниуд олон сайхан санааг туршиж үзэлгүй үгүй хийдэг. Үнэхээр утгагүй санааг танил бус, сайн боловсруулаагүй санаанаас ялгах хэцүү байдаг нь үнэн. Гэвч асуудлыг энгийнээр шийдэх боломжгүй үед шинэ санааг нээлттэй хүлээн авч, хорихгүй байх нь чухал билээ. Одоо бэлэн жор ашиглахад тохиромжгүй цаг бөгөөд бүтээлч хандлага, хичээл зүтгэл л биднийг аварна.
5. Санаанд оромгүй зүйлийг эрэлхийл
Санаанд оромгүй баримтууд уран сэтгэмжийг хөгжүүлж байдаг. Бидний оюун ухаан үргэлж зүй тогтлыг эрж хайдаг бөгөөд бидний төсөөлөлд ямар нэг зүйл буухгүй үед түүнийгээ өөрчилж, цаашлаад арга барил, стратегиа өөрчилдөг.
Шинээр бий болсон асуудлаа шийдэхийн тулд компаниа дотроос нь судлах хэрэгтэй. Бүхий л санаандгүй, хэвийн бус тохиолдлыг авч үзээд өөрөөсөө “Эдгээрээс аль нь миний төсөөлөлд буухгүй байна вэ?” гэж асуугаарай. Асуудлын мөн чанарыг олж, шинэ боломжоо олж нээхийн тулд өгөгдлийг сайн нягтлах хэрэгтэй.
Жишээ нь, Япон, Хятад, Солонгос зэрэг улсууд яаж өвчлөгсдийн тоогоо бууруулж чадсан бэ? Яагаад зарим хотын нөхцөл байдал бусдаасаа муу байна вэ? Яагаад адилхан стратеги өөр газруудад өөр дүнд хүргэж байна вэ? Өмнө нь гарч байсан MERS, SARS, Эбола халдварын дэгдэлтээс бид яагаад суралцаж, энэ хямралд бэлдээгүй вэ? гэдгийг асуух хэрэгтэй.
Төрөлжсөн экосистем илүү тэсвэртэй байдаг. Харин төрөлжилт туршилтын үр дүнд бий болдог.
6. Туршилт хийх боломж олго
Хямралын үед нөөц бололцоо хязгаарлагдмал байгаа ч багахан ч хамаагүй төсөв гаргаж аливаа туршиглыг дэмжиж байх нь чухал. Учир нь төрөлжсөн экосистем илүү тэсвэртэй байдаг. Харин төрөлжилт туршилтын үр дүнд бий болдог. Шинэ санааг туршиж үзэхгүй бол ямар ч нэмэргүй бөгөөд туршсанаар санаанд оромгүй үр дүнд гарч өөр олон санаа төрөх үндэс болж байдаг.
LEGO компанийг үүсгэн байгуулагч Оле Кирк Кристиансен анх тавилга үйлдвэрлэл, барилгын бизнес эрхэлдэг байжээ. Гэтэл 1930-аад оны их хямрал нүүрлэж барилгын салбар зогссоноор түүнд янз бүрийн зүйл турших хэрэг гарсан байна. Түүний тоглоом хийх оролдлого нь амжилтад хүрчээ. Олон улсын зах зээлийг судлахад модон тоглоом давамгайлж байсан тул тэрбээр дахин нэг зүйл туршихаар шийдсэн нь шинэчлэлийг авчирсан хуванцар тоглоом байв. Дэлхийн хоёрдугаар дайны дараа мөнгөгүй хэцүү байсан ч тэрбээр бүтэн жилийн орлогоо шинэ төхөөрөмж авахад зарцуулжээ. Эл төхөөрөмжөөрөө тэрбээр анх энгийн тоглоом хийдэг байсан бол 1958 онд алдарт LEGO тоглоомоо гаргаж эхэлжээ. Үүнээс хойш тус компани легоноос бусад бүх тоглоомын үйлдвэрлэлээ зогсоож зөвхөн лего үйлдвэрлэх болсон байна.
7. Итгэлээ бүү алдаарай
Сайн сайхныг бүтээх гэсэн бидний хүсэл тэмүүлэл уран сэтгэмжийг тэжээж байдаг. Гэтэл бид мөрөөдөлдөө хүрч, асуудлаа шийдэж чадна гэдэг итгэлээ алдаснаар юу ч хийхгүй орхих магадлал өндөр.
Статистикт “Байесийн томъёо” гэдэг ойлголт бий. Энэ нь туршилтаар хараахан тодорхойлоогүй магадлалыг сүүлийн үеийн мэдээлэлд тулгуурлан өөрчлөх явдал юм. Эл өөрчлөлтийн үр дүн нь анхны санаанаас шууд хамааралтай. Яг үүнтэй адилаар хэрэв таны хүлээлт муу байвал гутранги үзэл тань биеллээ олох магадлал өндөр байдаг.
Удирдлагууд аль болох гутранги үзлээс зайлсхийж ажилтнууддаа итгэл найдвар бэлэглэхийн зэрэгцээ тэдний уран сэтгэмж, бүтээлч сэтгэлгээг хөглөж байх ёстой. Бодит байдал дээр асуудлыг шийдэхийн өмнө түүнийг толгойдоо шийддэг. Харин асуудлыг шийдэх тухай бодохын тулд итгэл найдвар байх ёстой.
Хямрал бүр шинэ боломжийн үрийг тээж байдаг. Одоо хүнд нөхцөлд байгаа олон компани төсөөлөн бодох чадвар, уран сэтгэмжээ ашиглан хямралыг давж чадвал хоёр дахь амьдралаа зохиох боломж бүрдэнэ. Уран сэтгэмж анхандаа хэрэггүй, илүү зүйл мэт санагдаж болох ч энэ нь ирээдүйн амжилтын суурь билээ.
Эх сурвалж: hbr-russia.ru, business.mn