Нийслэлийн онцгой комиссоос нийслэлийн хэмжээнд халдвар голомтлон гарсан болон эрсдэл өндөртэй хороодын 70 000 өрхийг сонгож, өрх тус бүрээс нэг иргэнийг коронавируст халдварыг илрүүлэх шинжилгээнд хамруулж байна.
Өнөөдрийн байдлаар 65860 иргэнийг уг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулж, ажлын явц 94 хувьтай үргэлжилж байна.
Сүүлийн мэдээгээр буюу 2020.12.08-ны 08:00 цагаас өнөөдрийн /2020.12.09/ 08:00 цагийн хооронд 9314 хүнд шинжилгээ хийснээс 9280 PCR-ийн сорьц авч ХӨСҮТ-рүү илгээжээ. Уг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулах өрхийг сонгохдоо олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсвэл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг, мөн бусад эрсдэлтэй байдлыг тооцон сонгож уг шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн. Нийт шинжилгээнд хамрагдах өрхийн 70 хувийг нь өвчлөл гарсан хороодоос, 30 хувийг нь эрсдэл өндөртэй болон бусад хороодоос тандалт хийх зорилгоор хамруулж байгаа юм.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс