Хятад, Балба улс Эверестийн оргилын өндрийн шинэ хэмжээгээр тохиролцоонд хүрчээ. Хятадын дарга Си Жинпин, Балбын Ерөнхийлөгч Бидхья Деви Бхандари нар захидал солилцож, Эверестийн оргилын өндрийг 8848 метр, 86 сантиметр гэсэн сүүлчийн хэмжээг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн байна.
Бээжингээс Эверестийн оргилыг 1975, 2005 онд хоёр удаа хэмжсэн байдаг. 1975 онд уулын өндөр 8 848 метр 13 сантиметр гэж гарсан бол 2005 онд Хятадын эрдэмтэд тусдаа хэмжилт хийхэд 8 844 метр, 43 сантиметр, цас, мөсөн давхаргын гүн нь 3,5 метр гэж гарчээ. Катмандугаас Эверестийн өндрийг цасан бүрхүүлтэй нь хамт хэмжих ёстой гэсэн шаардлага тавьсан байна.
2015 онд Балбад томоохон газар хөдлөлт болсны дараа UNAVCO геофизикийн судалгааны консорциумын мэргэжилтнүүд Эверестийн өндөр 2,5 сантиметрээр багассан гэж мэдээлж байжээ.