Амбулаторид бүртгэгдсэн хавдрын тархалтын түвшинг (10000 хүнд ногдох) сүүлийн 10 жилийн байдлаар харвал 2019 онд улсын хэмжээнд 212 болж, сүүлийн 10 жилийн дунджаас 34-өөр, өмнөх оноос 11-ээр тус тус нэмэгджээ.
Хүн амын хавдар өвчний тархалтын түвшинг насны бүлгээр, сүүлийн 10 жилийн дунджаар харвал бүх насанд тохиолдож байгаа хэдий ч 20-44 насанд нийт тохиолдлын 24.3 хувь, 45-аас дээш насанд 71.3 хувийг эзэлж байна.
Энэхүү үзүүлэлтийг насны бүлэг, хүйсээр харвал 15-54 насанд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 17-338-аар их, 55-59, 65-аас дээш насанд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 7-185-аар их байна.
Монгол Улсад нийт хорт хавдрын шинэ өвчлөлийн түвшин 2001-2014 оны дунджаар 15.7 байсан бол сүүлийн 2015-2019 оны дунджаар 18.8 болж, 3.1-ээр өссөн бол 20412045 оны дунджаар 29.2 болж, 10.5-аар өсөхөөр байна.
Улсын хэмжээнд 2019 онд хорт хавдрын шинэ тохиолдол 6045 бүртгэгдсэн нь сүүлийн 10 жилийн дунджаас 734-өөр, өмнөх оноос 232-оор тус тус нэмэгдсэн байна. Хорт хавдраар шинээр өвчлөгчдийн 51.7 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.
2010-2019 онд нийт 54607 хорт хавдрын шинэ тохиолдол оношлогдсоны 20200 хүн буюу 37 хувийг элэгний хорт хавдар эзэлж байна. Элэгний хорт хавдрын өвчлөлийн түвшин 2001-2014 оны дунджаар 5.9 байсан бол сүүлийн 5 жилийн дунджаар 7.2 болж, 1.3-аар өсч, 2041-2045 оны дунджаар 10.9 болж өсөх таамаглал гарсан. Элэгний хорт хавдрын өвчлөлийн түвшин 2019 онд 6.8 болж, сүүлийн 10 жилийн дундаж, өмнөх оноос тус тус 0.1-ээр буурсан байна. Элэгний хорт хавдрын өвчлөлийн түшин 2019 онд бүх бүсэд улсын дунджаас 0.6-6.4-өөр их болсон байна. Энэ үзүүлэлт зүүн бүс үүний дотор Хэнтий аймагт хамгийн өндөр байна.