Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ), Азийн хөгжлийн банкны “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн дэмжлэгээр БМДИ-ийн Дээд боловсролын багшийн хөгжлийн алба нь ШУТИС-ийн профессор багш нартай хамтран цахим сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтын зорилго нь “Үр дүнд суурилсан боловсрол” бодлогын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд багшлах мэргэшлийн ур чадварыг хөгжүүлэх, шинэ дэвшилтэт сургалтын арга зүй, технологийг онлайнаар эзэмшүүлэн дээд боловсролын сургалтын байгууллагын хүний нөөцийн чадамжийг хөгжүүлэхэд чиглэгдэж байгаа юм.
2020 оны 12 дугаар сарын 7-ноос 5 өдөр үргэлжлэх тус сургалтад төрийн өмчийн МУИС, ШУТИС, ХААИС, АШУҮИС, МУБИС, СУИС, ДХИС, Ховд ИС, ҮБХИС Улаанбаатарын их сургууль, ХҮИС, төрийн бус өмчийн Шихихутаг, Мандах, СЭЗИС, Ач, Этүгэн, Хүмүүнлэгийн их сургууль, Отгонтэнгэр, Сити зэрэг сургуулиудын багш нар хамрагдаж байна.
Сургалтын эхний өдрийн “Багшлахуйгаас суралцахуйд шилжих хэрэгцээ шаардлага (C1M1)” модуль хөтөлбөрийн сургалтад оролцогчид нь Дээд боловсролын багшийн хөгжлийн албаны үйл ажиллагааны тухай мэдээлэл сонсож, Edx платформ дээрх MOOC-той танилцахаас гадна MICROSOFT OFFICE 365 “Teams” программ дээр “Хиймэл оюун ба боловсрол”, “Шинэ зууны суралцагчдын хэрэгцээ, шаардлага” гэсэн агуулгын хүрээнд ярилцан, Menti-meter тест дээр сурсан мэдсэн зүйлээ үнэлцгээлээ.
Сургалтын төгсгөлд СӨБ, ЕБС-ийн багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалтаас гадна их, дээд сургуулиудын багшийн мэдлэгийг өргөжүүлэх, чадварыг сайжруулах чиглэлийн сургалт зохион байгуулж байгаад талархлаа илэрхийлж байв. Дараагийн өдрүүдийн сургалт нь “Багш суралцахуйн дизайнер болох нь”, “Андрагог, Хьютагог сурган заах арга зүйд суралцах нь”, “Нээлттэй боловсролын үзэл баримтлал”, “Багшлахуй, суралцахуйн аргад шилжих нь” гэсэн сэдвийн хүрээнд үргэлжлэх юм.
Эх сурвалж: БШУЯ