Лондон хотын баруун хэсгийн Хойд Кенсингтон дүүрэгт 27 давхар орон сууц яг одоо шатаж байна. Байшин бүхэлдээ шатаж байгаа бөгөөд дээд давхрын хүмүүс гарч чадахгүй түгжигджээ.
Grenfell Tower нэртэй уг байшингийн галыг унтраахаар гал сөнөөгч 40 машин, 200 гал сөнөөгч ид ажиллаж байгаа ч гал хэтэрхий их талбайг хамарсан учраас унтрааж хүчрэхгүй байна хэмээн хэвлэлүүд мэдээлж байна. Байшингийн эргэн тойрны гудамж их нарийхан учраас галын машин ойртож очиход төвөгтэй байгаа ажээ.
Галын ойролцоо байгаа ВВС агентлагийн сурвалжлагч байшин удахгүй нурах байх хэмээн мэдээллээ. Байрны оршин суугчдыг нүүлгэж шилжүүлж байна.
Зарим хэвлэл орон сууцны дээд давхрын оршин суугчид аврахыг гуйн орилж байна хэмээн мэдээлж байна. Байшингийн эргэн тойрны 100 метр газар үнсэнд дарагдаад байгаа ажээ.
Гал чухам яаж гарсан талаар тодорхой мэдээлэл байхгүй ч нэгэн гэрч ВВС агентлагт ярихдаа байшингийн дотроо гал авалцсан гэжээ. “Би ийм зүйл өмнө харж байгаагүй. Гал үнэхээр аймаар байна” хэмээн тэр гэрч ярьжээ.
Галын анхны дуудлагыг Лондонгийн цагаар 01.16 цагт өгчээ.
Эх сурвалж: https://www.news.mn/?id=2757
https://www.facebook.com/RTUKnews/videos/1783938091896066/