Оросын нийслэл Москва хотод өнөөдрөөс Covid-19-ийн вакцинжуулалтад хамрагдах тухай цахим бүртгэл эхэлж байгаа талаар хотын дарга Сергей Собянин мэдэгджээ. Энэ үеэр ковидын вакцинтай холбоотой иргэдийн хамгийн түгээмэл асуултуудад КП агентлаг хариулт авсан байна.
1. Москвачууд ямар вакцин хийлгэх вэ?
Энэ бол дэлхийд анх бүртгүүлсэн «Спутник V» вакцин юм. Вакциныг боловсруулагчид албан ёсны “Твиттер” аккаунтдаа 95 гаруй хувийн үр дүнтэй гэж мэдэгдсэн. Гэхдээ «Спутник V»-ийн 40 мянган сайн дурын хүн дээр хийсэн бүртгэлийн дараах клиникийн судалгаа одоогоор дуусаагүй байна. Арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 3 долоо хоногийн зайтай хоёр тун вакциныг 16 мянган хүн сайн дураараа хийлгэжээ.
2. Хэн тарилга хийлгэх вэ?
“Бид өмчийн хэлбэр үл харгалзан боловсрол, эрүүл мэндийн бүхий л байгууллагын ажилтнууд, түүнчлэн хотын нийтийн албаны ажилтнуудад тарилга хийлгэх цахим бүртгэлээ нээсэн” хэмээн Сергей Собянин мэдэгджээ. Ойрын хэдэн долоо хоногт вакцины нийлүүлэлт нэмэгдсэнээр энэ жагсаалтыг тэлэх юм байна.
3. Ковидоор аль эрт өвдөөд эдгэрсэн, шинж тэмдэггүй өвдсөн хүмүүс тарилга хийлгэх ёстой юу?
Энэ асуудлаар албан ёсны нэгдсэн байр суурь одоогоор алга байна. Москвагийн вакцины клиник судалгаа явуулах төвийн мэээлснээр бол коронавирусийн эсрэг биет суусан хүмүүст вакцин хийхгүй гэжээ. Харин Оросын ШУА-ийн академич, вакцин боловсруулалтын багийг тэргүүлэн ажилласан Александр Гинцбург есдүгээр сарын 22-нд ковидын асуудлаарх “дугуй ширээний ярилцлага”-ын үеэр ямар хэлбэрээр өвчилснийг харгалзана, халдвар авсан ч өвдөөгүй бол вакцинжуулах хэрэгтэй, хүн хэлбэрээр өвдсөн бол эсрэг биетийнх нь түвшинг нь харгалзана, хангалттай байвал түр хийхгүй гэж мэдэгджээ.
4. Ямар насныхан вакцин хийлгэж болох вэ?
«Спутник V»-ийн албан ёсны заавар дээр вакциныг зөвхөн 18-60 насныханд хийнэ гэжээ. Гэхдээ клиникийн туршилт өндөр настнуудад ч хийгдэж байгаа юм. Харин өдгөө 18-60 нас хүртэлх насны москвачууд хийлгэнэ гэж заажээ.
5. «Спутник V»-ийг хийлгэхэд ямар нэгэн сөрөг заалт бий юу?
Вакцины сөрөг заалтанд томоохон жагсаалт багтаж байна.
Вакциныг хурц халдварт болон халдварт бус өвёний үед хийхгүй. Мөн архаг өвчин сэдэрсэн үед хийхгүй. Эдгээр тохиолдолд эдгэрснээс хойш 2-4 долоо хоногийн дараа хийж болно гэж заажээ.
Мөн хөнгөн хэлбэрийн ханиад томуу, ходоод гэдэсний замын халдварт өвчний үед халуун буусны дараа вакцин хийнэ. Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд, 18 хүртэлх насныхныг вакцинжуулахгүй. Үүнээс гадна элэг, бөөрний архаг өвчтэй, чихрийн шижин зэрэг дааврын системийн алдагдалтай, унаж татдаг, харвасан, төв мэдрэлийн системийн өвчлөл, зүрх судасны системийн өвчлөлтэй, дархлалын өвчин, уушгины өвчин болон багтраатай бол болгоомжтой байж, хийх эсэхийг шийдвэрлэнэ гэжээ.
6. Вакцин тариулсны дараа ямар хариу урвал үзүүлж болох вэ?
Москвад вакцинжуулалтын дараа ямар нэгэн хариу урвал үзүүлж болзошгүй тухай тайлбар тараах юм байна.
Уг тайлбарт бичсэнээр:
-Өвчтөнүүдийн 5,7 хувь нь булчин, биеэр шархирч өвдөх, халуу оргих, толгой өвдөх, 37 градусаас дээш халуурах шинж илэрч болзошгүй.
-Өвчтөнүүдийн 4,7 хувьд нь вакцин тарьсан газарт өвдсөн, загатнасан, хавдсан, улайсан гэж мэдүүлжээ.
-Өвчтөнүүдийн 1,5 хувь нь хамар битүүрсэн, ханиад хүрсэн, хоолой сэрвэгнэсэн гэжээ.
Харин олонх нь ямар нэгэн шинж илрээгүй гэсэн байна. Үүний зэрэгцээ бие сулрах, ядрах, дотор муухай оргивол ачааллаа бууруулж, амрах хэрэгтэй гэжээ.
7. Хэзээ дархлаа нь тогтох вэ?
Мэргэжилтнүүдийн тэмдэглэснээр эхний тарилгын дараа ч, хоёр дахь тарилгыг хийсэн хойно ч шууд дархлаа тогтдоггүй. Дархлааны хамгаалалт эхний вакциныг хийлгэснээс хойш 42 өдрийн дараа тогтдог гэж «Спутник V»-ийн клиникийн туршилтыг зохион байгуулагчдын нэг, Сеченовын их сургуулийн трансляцийн анагаах ухаан, биотехнологийн хүрээлэнгийн захирал Вадим Тарасов мэдэгджээ.
Эх сурвалж: Кp.ru
Орчуулагч: Марта