Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Т.Доржханд байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа. Тэрбээр “Бэлэн мөнгө өгнө, ваучир өгнө гэхээр эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөөлөх юм бэ, дампуурах гэж байгаа байгууллагуудын хэдэн хувь нь дампуурахгүй үлдэх боломжтой юм бэ? Ямар нэгэн загварчлал ашигласан зүйл байна уу?
Бид хий дээгүүр яриад байдаг. Яг тооцоо судалгаа байгаа онилж байгаад ярьдаг байвал зүйтэй байгаа юм аа.
Санал нь дэмжмээр. Яах ч аргагүй онцгой нөхцөлд улсын төсвөө тодотгох, шаардлагагүй зардлуудыг царцаах нь зөв. Гэтэл Ерөнхийлөгчийн хориг улстөржсөн хориг болчхоод байна.
Өмнөх жилийн нэг сард настангуудад зээлийг нь төлж өгье гээд баахан мөнгө Монгол банкаар хэвлүүлээд явуулсантай адилхан. Энэ удаа нэг сая төгрөг өгье гэлээ. Ардын намынхан улсын төсвөөр баахан нийгмийн халамж чихээд явж байхад хажуугаар нь ийм бодлого оруулж ирэх нь буруу.
Эсрэгээрээ хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудаа яаж дэмжих юм. Ажлын байрыг яаж хамгаалах юм гэдэг чинь бодит шийдэл оруулж ирвэл зүгээр байна.
Олон Улсын судалгаагаар нэг ажлын байрыг 5000 доллар-аар хамгаалдаг. Нэг ажлын байрыг бий болгоход хамгийн багадаа 10 000 доллар шаардагдана. Маш их зардалтай ажил. Гэтэл бид өнөөдөр төсвөө аваад үзэхээр 90 хувь нь нийгмийн халамж байж байдаг. Бодит эдийн засгаа дэмжсэн ямар ч төсөв байхгүй тохиолдолд дахиад мөнгө өг гэж байгаа нь буруу байна.
Мөн Ерөнхийлөгч хориг болгон дээрээ алдаа хийх юм. Өмнөх жилийн хоригууд ч алдаатай байсан. Энэ удаагийн хориг ч алдаатай байна. Бүхэлд нь хориг тавих ямар ч шаардлагагүй ш дээ. Хэсэгчилсэн хориг гээд ороод ирсэн тохиолдолд МАН-ынхан юу ч хэлж чадахгүй ш дээ. Тэгээд энэ төсвөө мэддэг мэргэжлийн хүмүүсээ хажуудаа ажиллуулах хэрэгтэй” гэлээ.
Н.БАТАА