Шинэ коронавирусний вакциныг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, дэлхийн улс орнуудад тэгш хувиарлаж түгээх зорилготой олон улсын Ковакс санаачлагад өнөөдөр 180 орчим улс орон нэгдээд байгаа юм. Гэвч ядуу буурай орнууд тэр дундаа Африкийн орнууд хангалттай хэмжээний вакцины тун авч чадахгүйд хүрэх вий хэмээн ихээхэн сэтгэл зовниж байна. Жишээ нь Малави улс урьдчилсан үр дүнг нь зарласан КОВИД-19-ийн вакциныг шаардлагын дагуу зөв хадгалж тээвэрлэх хөргүүр, агуулах хангалттай байхгүйгээс ийнхүү болгоомжилж байна.
Малави улсын нийслэл Лилонве хотын Буэйра эмнэлэгт вакцинуудыг хэрхэн хадгалдгийг та бүхэн харж байна. Гэвч эмнэлзүйн сүүлийн шатны туршилтууд нь амжилттай хийгдэж, эхнээсээ баталгаажиж байгаа Модерна болон Файзер Бионтех зэрэг компаниудын хөгжүүлж буй вакцинуудыг цельсийн хасах 20-оос хасах 80 хэмд хадгалах шаардлагатай. Энэ нь Малави шиг орнуудад ихээхэн асуудал дагуулахаар байна. Юуны түрүүнд орлого багатай улс орнууд чинээлэг орнуудтай шинэ вакцины тунг ахиухан олж авахын тулд хүчтэй өрсөлдөөнд орох хэрэгтэй болно. Үүний дараа олж авсан вакцинаа их хэмжээгээр нөөцөлж хадгалах сав хөргүүр шаардлагатай болно.
Нонхланхла Розмари Дламини Малави дахь ДЭМБ-ын суурин төлөөлөгч: Вакцинжуулалтын өргөтгөсөн хөтөлбөрийн хүрээнд цельсийн 2-8 хэмд хадгалах горимтой вакцинуудыг л бид өнөөдөр ашиглаж байна. Малави гэлтгүй олон улс оронд өндөр хэмд хөлдөөн хадгалах зориулалтын тоног төхөөрөмж байхгүй. Бид урьдчилан дүн шинжилгээ хийж ийм асуудал үүсч мэднэ гэж тооцоолж байгаа ч одоогоор ямар вакцин авах нь тодорхойгүй байна л даа.
Африкийн өвчлөлд хяналт тавих төвөөс тус тивийн нийт хүн амын 60 орчим хувийг вакцинд хамруулж байж сүргийн дархлаа тогтоох боломж бүрдэнэ гэж тооцоолж байгаа юм. Харин сүргийн дархлаа тогтооход нь ойролцоогоор 1,5 тэрбум тун вакцин шаардагдахаар байгаа юм байна. Тэгвэл ийм хэмжээний вакцин худалдан авах үнэ, түгээх тээвэрлэх зардалд л гэхэд 7-10 тэрбум ам.доллар шаардагдах юм байна. Үүний зэрэгцээ Малавигийн эрүүл мэндийн сайд вакцины хадгалалтад эрчим хүч онцгой үүрэгтэйг сануулж байна. Энэ тал дээр Малави улсын эрх баригчид эрчим хүчний гол ханган нийлүүлэгч Эском компанидаа ихээхэн найдлага тавьж байгаа юм байна. Харин Малави төдийгүй бусад бага орлоготой улс орнууд Ковакс санаачлагаар дамжуулан ирэх оны дунд үеэс л шинэ коронавирусний вакцин хүлээн авах боломжтой болно гэж тооцоолж байгаа юм байна.
Эх сурвалж: MNB