Арванхоёрдугаар сарын 1-10-ны өдрүүдэд Улаанбаатар хот болон орон нутагт хөл хорионы улмаас гацсан иргэдийг нэгдсэн зохион байгуулалттай буцааж байгаа билээ.
Ингэхдээ “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-д заасны дагуу иргэдийг хот хооронд нийтийн тээврийн хэрэгслээр тээвэрлэх ажлыг Автотээврийн үндэсний төв зохион байгуулж буй.
Журмын хүрээнд шинжилгээний хариу нь сөрөг гарч, Эрүүл мэндийн яамнаас АТҮТ-ийн онлайн тасалбар захиалгын eticket.transdep.mn сайтад мэдээлэл нь сүлжээгээр ирсэн иргэд онлайнаар хот хооронд зорчих тасалбар захиалах боломж бүрдэнэ.
Иймд иргэд коронавирус илрүүлэх шинжилгээний хариугаа авсны дараа АТҮТ-ийн онлайн билет захиалгын системд хандан регистрийн дугаараа оруулахад овог нэр тань автоматаар гарч ирэх бөгөөд тасалбараа захиалж зорчих боломжтой болно гэдгийг анхаарна уу.
Эх сурвалж: АТҮТ