Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ оролцож мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Онцгой байдлын Шуурхай штаб болон Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн мэдээлэлтэй холбоотойгоор бид мэдээллийг хүргэж байна. Ээж нь коронавирус тусаад хоёр хүүхэд нь тусгаарлах байрнаас гарч ирээд Баянзүрх дүүрэг дэх гэртээ очих гэсэн боловч оруулаагүй тохиолдол гарсан. Тухайн кэйс дээр манай мэргэжилтнүүд ажиллаж байна.
Коронавирусийн халдвар авсан хүүхдүүд болон иргэдийг ялгаварлан гадуурхахгүй байх, гутаан доромжлохгүй байх тухай Цар тахалтай тэмцэх тухай хуульд заасан байдаг. Үүнтэй холбоотой мэдээллийг бид 108 утсаар авч байна.
Энэ хүүхдэд зориулаад, хүүхдийн салбарт шинээр үүссэн нөхцөл байдлаас хамаараад хүүхэд хамгааллын бодлого өөрчлөгдөж байна. Тийм учраас бид түр хамгаалах байрыг шинээр бий болгосон. Энэ хүүхдүүдэд зориулаад ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд хоёр хүүхдийг түр хамгаалах байранд авсан.
Хөл хориотой холбоотойгоор хүүхэд хамгааллын эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж байна. Үүнтэй холбоотойгоор ГБХЗХГ 21 аймагт 9 дүүрэгт мэргэжлийн анги байгуулаад ажиллаж байна.
Сэлэнгэ аймагт 148 хүүхэд хараа хяналтгүй болсон. Тиймээс бид түр асран хамгаалагчийг сонгох, хажуу хөршид нь хяналтад тавих, шаардлагатай бол түр хамгаалах байрны үйлчилгээ үзүүлж байна.
108 утсанд өдөрт 500 гаруй дуудлага ирж байна. Эцэг эх нь хөл хорионд орсноос хүүхэд ганцаараа байх, хүүхдэд эрсдэлт нөхцөл бий болох тухай дуудлагууд нэмэгдсэн.
Хүүхдийн тусламжийн утас 24 цаг үйлчилгээ үзүүлж байна. Монгол Улсын хэмжээнд 35 түр хамгаалах байр 250 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтайгаар ажиллаж байгаа. Одоогоор 32 түр хамгаалах байр 21 аймаг, 9 дүүрэгт ажиллаж байна.
Л.Баяр