Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны Олимпийн зөвлөлийн арга зүйчдийн цахим сургалт семинарыг 12 дугаар сарын 2-3-нд боллоо.
Уг хэлэлцүүлэгт МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нээж арга зүйчдэд ажлын амжилт хүссэн юм. Улмаар дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар Олимпийн зөвлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих бодлогын хүрээнд хийгдэж буй ажлуудыг танилцуулав. Түүнчлэн МҮОХ-ны Олимпийн боловсрол хариуцсан мэргэжилтэн З.Гомбодорж “Спорт-олимпизмийн шинэ үе” төслийг танилцуулж өргөн мэдээлэл өгөв.
Мөн МУБИС-ийн доктор Б.Нармандах багш “Сурагчдийн бие бялдрын чанаруудыг хөгжүүлэх ба хөдөлгөөний чадвар, дадалд сургах онол арга зүй” сэдвээр сонирхолтой илтгэл тавилаа. Үүний дараа Герман-Монголын хамтарсан АФА академийн багш, Усан спортын ОУХМ Б.Дөлгөөн “Хувь хүний тогтвортой хөгжил” сэдвээр илтгэл тавьж, олимпийн зөвлөлийн арга зүйчдэд танилцуулж, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүллээ.
Харин тус семинарын хоёр дахь өдөр олон улсын залуучуудын “Ногоон наадам”-ын гүйцэтгэх хорооны захирал Ц.Бат-Энх ирэх онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах “GREEN GAMES-2021” наадмын ажлын явцыг танилцуулсан.
Мөн АШУҮИС-ийн багш, доктор Б.Буяндэлгэр олимпизмийн үзэл санааны шинэлэг чиг хандлага сэдвээр илтгэл тавьсан юм. Түүний дараагаар арга зүйчид чөлөөт хэлэлцүүлгийг өрнүүлсэн бөгөөд сургалтад оролцогчид сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Сургалтад нийт 28 олимпын зөвлөлийн арга зүйчид оролцсон байна.
МҮОХ