Их Британийн Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний зохицуулах газар мягмар гаригт АНУ-ын биотехнологийн “Pfizer” болон Германы “BioNTech” компанийн хамтран боловсруулсан “COVID-19”-ийн эсрэг “BNT162b2” вакциныг эмнэлзүйд ашиглах зөвшөөрөл олголоо.
Тус вакциныг ирэх долоо хоногоос олон нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх бөгөөд энэ ондоо багтаан тус вакцинаас 50 орчим сая тунг үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж.
Нийт зургаан улсын 43,5 мянга гаруй хүнийг хамруулж судалгаа хийсэн уг вакциныг Америкийн эмийн үйлдвэрийн томоохон компани болох “Pfizer” болон Германы “BioNTech” компаниуд хамтран гарган авсан. Тус вакцин нь коронавирусийн халдвараас 95 хувийн үр дүнтэй хамгаалж байгааг эмнэлзүйн туршилтуудын мэдээлэлд хийсэн эцсийн дүн шинжилгээ харуулсан юм. Вакцины үнэ нэг тун нь 19.5 ам.доллар юм байна.
“Pfizer” болон “BioNTech”-ын удирдлагууд энэхүү “mRNA” буюу мессенжер РНХ вакциныг тээвэрлэх, хадгалах тал дээр нэлээд том хүндрэлтэй нүүр тулаад байгаа юм. Тухайлбал, “BNT162b2” вакциныг Цельсийн хасах -70 -80 хэмд гүн хөлдөөж цельсийн хасах 20 хэмд хадгалах шаардлагатай юм.
Гэхдээ “Pfizer” компани өнгөрөгч баасан гаригт АНУ-ын иргэний агаарын тээврийн “United Airlines” компани Бельгийн нийслэл Брюссель хотоос Чикаго хот хүртэл “BNT162b2” вакциныг амжилттай тээвэрлэсэн талаар “CNBC” хэвлэл мэдээлсэн юм.
Л.Баяр