Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян болон бусад албаны хүмүүс 21 аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийлээ.
“Ковид-19” халдварыг дотооддоо алдсанаас хойш аймгийн удирдлагуудтай хоёр дахь удаагаа цахим хурал хийж, тодорхой үүрэг чиглэл өгч, аймгуудын Онцгой комисстой байнгын холбоотой ажиллаж байна.
Энэ үеэр Баян-Өлгий, Өмнөговь, Орхон, Дорнод, Хөвсгөл, Хэнтий аймгуудад түргэвчилсэн оношлуур, PCR урвалж нэмж авах хүсэлтээ илэрхийлж, орон нутаг болон Улаанбаатар хооронд зорчих хөдөлгөөнд хэрхэн хяналт тавьж ажиллаж байгаа талаар мэдээлэл өглөө.
Шадар сайд хуралдааны төгсгөлд хэд хэдэн үүрэг, чиглэлийг өгсөн юм.
Үүнд:
Боловсруулах үйлдвэрийн салбар нээсэнтэй холбоотойгоор “Түр журам” гаргах хэрэгжүүлэх,
Халдвар гарсан ч хяналтандаа авсан аймгууд хөдөлгөөнөө хязгаарлалттай нээх,
Халдвар гарсан аймгаас гарч байгаа иргэдийг заавал PCR шинжилгээнд хамруулах,
Халдвар тархаагүй 14 аймаг халдвартай бүсээс ирсэн иргэдээс заавал PCR шинжилгээний хариу нэхэх,
Халдваргүй бүсээс ирсэн иргэдийг асуумж хаяг, байршлалын нарийвчилсан мэдээллийг авч нэвтрүүлэх,
Аймаг, сум хоорондын хөдөлгөөнийг үе шаттайгаар нээх,
Халдвар гараагүй аймгууд худалдаа, үйлчилгээг үе шаттайгаар хэвийн горимд оруулах,
Голомттой аймгуудад Засгийн газрын нөөцөөс дэмжлэг үзүүлэх,
Бусад аймгууд төсөв дотроо зохицуулалт хийх замаар гарч буй зардлыг шийдвэрлэхийг анхаарууллаа.
Мөн өвөлжилт хүндэрч болзошгүй, эрсдэлтэй 10 аймагт Засгийн газрын нөөц хөрөнгөөс өвс, тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлэх зорилгоор хоёр тэрбум 160 сая төгрөгийг шийдвэрлээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.