“Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-т “Чадварлаг багш” арга хэмжээг хэрэгжүүлж, мэргэжлийн стандартыг нэвтрүүлэн, үнэлэмжийг хөдөлмөрийн бүтээмж, гүйцэтгэлд суурилсан тогтолцоонд шилжүүлэх зорилт дэвшүүлсэн.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас байгуулсан ажлын хэсэг “Чадварлаг багш” арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөөний төслийг боловсруулсан бөгөөд өнөөдөр гурав дахь удаагийн хэлэлцүүлгээ онлайнаар хийлээ.
2021-2024 онд хэрэгжүүлэх энэхүү цогц арга хэмжээ нь сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын багшид мэргэжлээрээ бие дааж, тасралтгүй хөгжих тэгш боломжийг олгох, шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэх зорилготой гэж томъёолсон байна.
“Чадварлаг багш” арга хэмжээний хөтөлбөрийн зорилгыг Багш бэлтгэх, Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил, Багшийн ажлын нөхцөл, цалин хөлс гэсэн гурван чиглэлээр нарийвчилсан бөгөөд энэ хүрээнд авч хэрэгжүүлэх зорилт, үйл ажиллагааны талаар Ажлын хэсэг мэдээлэл өгч, оролцогчдын саналыг сонсов. Оролцогчид шууд холбогдож үг хэлэх болон цахим зурвас бичиж, хариулт авах байдлаар хэлэлцүүлэгт санал өглөө.
XXI зууны монгол багшийн загвар, багш мэргэжлийн стандарт боловсруулах, багш бэлтгэх хөтөлбөрийн үзэл баримтлал, нийтлэг шаардлагыг шинэчлэх, цэцэрлэг, сургуульд суурилсан ментор сургалтыг нэвтрүүлэх, ментор багшийн сонгож, чадавхийг тогтмол бэхжүүлдэг тогтолцоог бий болгох зэрэг зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар оролцогчид санал хэлэв. Мөн зарим нэршил, агуулгыг оновчтой, тодорхой болгохыг хүслээ.
Хэлэлцүүлэгт Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг боловсрол, багш мэргэжлийн байгууллагын төлөөлөл, бүх аймаг, дүүргийн боловсролын газар, хэлтсийн удирдах ажилтан, мэргэжилтнүүдийн төлөөлөл бүхий 200 гаруй хүн оролцлоо.
Дээрх төсөлд олон нийтээс санал авч, улам боловсронгуй болгох юм.