Хүүхэд бүрт чанартай боловсрол эзэмшүүлэх, тэгш боломж бүрдүүлэх, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь гэж үзэж боловсролын салбарын шинэчлэлийн асуудлыг чухалчлан хэлэлцэж, Боловсролын тухай хууль, бодлогын баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа нь цагаа олсон үйл явдал юм.
Боловсролын салбарт 15 жил тасралтгүй ажиллах явцдаа гадаад дотоодын олон арван мэргэжилтнүүдээс суралцаж, хуримтлуулсан өөрийн туршлагаасаа хуваалцаж, та бүхний хэлэлцүүлэгт бодит хувь нэмрээ оруулах үүднээс дараах 15 санааг дэвшүүлж байна.
Хүүхдэд ерөнхий боловсрол олгох гэж чухам юуг хэлэх вэ: Монгол улсын ирээдүй болсон хүүхэд багачуудад шинжлэх ухааны өргөн мэдлэг олгохоос гадна зөв хүн болгох, төлөвшүүлэх, нийгэмшүүлэх, ёс зүйтэй болгох, дүрэм журам мөрддөг болгох, багшийн зааврыг дагаж хэрэгжүүлэх, нээлттэй харьцаж өөртөө итгэлтэй болгох, бусдын үзэл бодлыг хүндэтгэх, анги, хамт олны дунд биеэ зөв авч явах, бие дааж өөрийгөө хөгжүүлэх, удирдах/удирдуулах жаягт суралцах, хариуцлага хүлээх, сонголтоо зөв хийх, насан туршдаа суралцагч байх чадваруудыг суулгаж хүүхдийг бие хүн болгож хөгжүүлэх явцыг боловсролын салбарт 3 үе шаттайгаар хэрэгжүүлдэг. Хамгийн чухал, хамгийн их анхаарал тавьж ажиллах үе бол 6-10 насны хүүхдэд зориулсан бага сургуулийн сургалт юм. Дараа нь дунд сургуулийн 11-13 настай хүүхдүүд, түүний дараа ахлах сургуулийн 14-18 настай хүүхдүүд билээ. Хүүхдийн хөгжлийн суурийг Бага сургуульд хэдий чинээ сайн бэлдэж өгнө, төдий чинээ дунд сургуульд байхдаа бие хүн болж төлөвших суурь тавигдана. Сайн төлөвшсөн хүүхэд ахлах сургуульд байхдаа төдий хэмжээгээр хариуцлагатай бие даасан хүн болж хөгждөг. Хүүхэд бие хүн болж хөгжих энэхүү мөчлөгийг сургууль дээрээ хичээлийн хөтөлбөрөөр дамжуулан сургах процедурыг хүүхдэд ерөнхий боловсрол олгох үйл явц гэнэ.
Америк дунд сургууль – Бидний тухай: Америкийн боловсролын хөтөлбөрт суурилсан, олон улсын итгэмжлэл авсан Улаанбаатар дахь Америк сургуулийн Алсын харааг /Vision/ “Сурагчдынхаа эрдэм мэдлэг, бие бялдар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, сурч боловсрох хүсэл эрмэлзлийг дэмжих, мэдлэгт тэмүүлэх үйлст нь өдөөгч хамт олон байна” гэж тодорхойлсон бөгөөд, энэхүү алсын хараандаа тулгуурлаж Зорилтоо /Mission/ “Эрдэм боловсролтой, ухаалаг дүгнэлт хийх чадвартай, эерэг хандлагатай, өндөр ёс зүйтэй, амьдралаа утга учиртай залж чиглүүлэх чадвартай иргэд болж төлөвшихөд тусална. Бид сурагчдын бие даасан хандлагыг дэмжсэн, шаардлага өндөртэй сургалтын хөтөлбөрөөрөө дамжуулан сурагчдаа олон улсын их дээд сургуульд амжилттай элсэн суралцаж, даяаршиж буй нийгмийн үнэ цэнэтэй иргэд болоход бэлтгэнэ” хэмээн тодорхойлсон.
Дээр дурдсан алсын хараа, зорилтыг биелүүлэхийн тулд өөрийн сургалтын хөтөлбөр, сургууль дээр зохион байгуулдаг арга хэмжээгээр дамжуулан 12 жилийн ерөнхий боловсрол олгохдоо сурагчдадаа дараах чадваруудыг эзэмшүүлэхийг зорьж ажилладаг: Үүнд:
Сурч боловсрохыг эрхэмлэгч байх;
Бүтээлчээр сэтгэгч байх;
Нийгэмд идэвхитэй иргэн байх;
Харилцааны өндөр чадвартай байх;
Амьдралын турш өөрийгөө дайчлагч, сэтгэгч байх;
Өнгөрсөн хугацаанд бид 250 гаруй төгсөгчдөдөө дээрх чадваруудыг өөрсдийн чадах хэмжээнд эзэмшүүлж, гадаадын их дээд сургуульд элсэн суралцах бэлтгэлийг хангажээ. Тэдний зарим нь эх орондоо эргэн ирж, салбар бүрт ажиллаж улс орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаа бол зарим нь олон улсын нэр хүндтэй байгууллага, корпорациудад ажиллаж эхлээд байна.
Монгол улсын боловсролын салбарын урт хугацааны төлөвлөгөөнд тусгаж, хэрэгжүүлэх 15 санал
Санал-1: Сурах бичгийг 8-10 жил ашиглах норм норматив тогтоох: Ялангуяа шинжлэх ухааны онол нь тогтсон алгебр, геометр, хими, физик, математик, монгол хэлний дүрэм, монголын эртний түүх, газар зүй, дэлхийн түүх/газар зүй, нийгмийн ухаан, гадаад хэлний дүрэм, эрүүл мэнд, хүний биеийн анатоми, компьютер, бизнесийн ухаан гэх мэт хичээлүүдийн сурах бичгийг хичээл бүрээс шалтгаалж 8-10 жил ашиглах жишиг гаргах хэрэгтэй байна. Ингэснээр сурах бичгийг байнга солих, жил бүр шинэчлэн хэвлүүлэх үлэмж хэмжээний зардлыг багасгах боломжтой. Энэ нормыг давах чадвартай хатуу хавтастай, сайн цаастай, хүүхдийн гар дамжиж ашиглаж болохуйц чанартай сурах бичигтэй болох нь чухал. Боловсролын яаманд хуваарилж буй төсвийн мөнгөөр сурах бичиг үйлдвэрлэх графикийг 8-10 жилээр тооцож хийх боломжтой. Хэвлүүлсэн сурах бичгийг зөвхөн сургуулийн номын сангаар нь дамжуулан сурагчдад олгож хэвшвэл сургуулийн захиргаа сурах бичгийг байнга тордох, засварлах, наах, олон жил ашиглах менежментийг хариуцаж хүүхдүүдэд гамтай ашиглуулах эдийн засгийн механизмыг бий болгоно. Үндсэн хөтөлбөрөөр шинжлэх ухааны хичээлд ашиглах хүүхдийн дасгалын дэвтрийг бага өртгөөр, хүүхдийн тоогоор хэвлүүлж, сургуулийн номын сангаар дамжуулан тарааж болно. Хэрэв тухайн хүүхэд хичээлийн хоцрогдолтой, удаан хугацаагаар өвдөж хичээлд суугаагүй тохиолдолд хүүхэд зуны амралтаар өөрөө биеэ даан үзэж, хоцрогдлоо нөхөх боломж гарна.
Санал-2: Үндсэн болон туслах хөтөлбөрөөр жилд 8 хичээл үзэж, hands-on, project based аргаар сургалтыг явуулах: Улсын сургуулиуд голцуу 2 ээлжтэй, амралтын цагтайгаа нийлээд өдөрт зөвхөн 4 цаг л сургууль дээрээ байдаг. Үндсэн болон туслах хичээлтэйгээ нийлээд жилдээ 14-16 төрлийн хичээл үздэг нь хэт олон юм. Богино хугацаанд олон төрлийн хичээлийг онолын хувьд зааж сургаж болох ч амьдралд, практикт турших цаг хомс тул сурагчид тухайн хичээлийг зөвхөн нэр төдий үзсэн болоод өнгөрөх магадлал их. Олон хичээлийг богино хугацаанд орох нь яваандаа сурагчид тухайн хичээлийг зөвхөн цээжлэх, хуулах, дуурайх хэлбэрт шилжих нөхцөл болж, сургалтыг маш чанаргүй болгодог. Түүнчлэн багш нь олон сурагчидтай тул тэдэнтэй нэг бүрчлэн тулж ажиллах боломжгүйд хүрч, зарим хүүхэд хичээлээс хоцрогдож эхэлдэг нь хэтдээ маш хор уршигтай. Иймд аль ч насны хүүхэд жил бүр үндсэн 4 академик хичээл, туслах 4 хичээлийг анги дэвших тусам гүнзгийрүүлээд үздэг болох нь олон улсын практик билээ. Туслах хичээлүүдийг хүүхдийн насанд нь тохируулаад жил бүр төлөвлөх боломжтой бөгөөд хичээл бүрийг практик амьдралд хэзээ, хаана, хэрхэн ашиглах боломжтойг үзүүлэх, тайлбарлах цаг гаргах нь сургалтын чанарыг үлэмж дээшлүүлэх юм.
Санал-3: Бага сургуулийн нэг ангид хичээллэх хүүхдийн тоог багасгах арга зам: Хүүхдэд ерөнхий боловсрол олгох стандартыг бага зардлаар өөрчлөн сайжруулах боломж манай улсад байгаа гэж үзэж байна. Тухайлбал: Улаанбаатар хотын дүүрэг, хороодод төвлөрсөн хүн амын судалгаан дээр үндэслэж 2-5 насны хүүхдийн цэцэрлэг, 6-10 насны бага сургуулийн хүүхдийн суралцах орчныг орон сууцны хорооллуудын 1-р давхрын байруудыг ашиглаж өөрчлөх замаар хүүхдийг гэртэй нь ойрхон суралцах боломжоор хангаж болно. Орон сууцны байрны 1-р давхрыг цэцэрлэг, бага сургууль / барилгын хэмжээнээс хамаарч бага сургуулийг дотор нь 1-2 р анги, 3-5 р анги гэж/ болгон өөрчлөх асуудлыг боловсролын яам хотын захиргаатай зөвлөлдөж олон жилийн лизинг маягаар түрээслэх, үе шатлалтайгаар худалдан авах, эсвэл хот төлөвлөлтийн дагуу шинээр баригдах хорооллын барилгажих талбайн 1-р давхрыг цэцэрлэг, бага сургуулийн зориулалтаар авах нөхцөлтэйгөөр газар олгох, барилга барих зөвшөөрөл олгох боломжууд байна. Дээрх ажлыг судалгаан дээр үндэслэж олон жилээр төлөвлөж хэрэгжүүлбэл үр дүнтэй. Бага насны хүүхдийг аль болох гэрт нь ойрхон суралцуулах, өдөрт 7-8 цаг сургууль дээр нь суралцах боломжоор хангаснаар хүүхэд өдөрт 2 удаа гадаа салхилах буюу нарлах, анги тутмын хүүхдийн тоо багасах, багшийн хяналт дор ерөнхий боловсрол олж авах боломж нээгдэнэ. Цэцэрлэг, бага сургуулийн барилгын бүтэц, хийц нь харьцангуй энгийн /дунд, ахлах ангиуд шиг стандарт спорт заал, шинжлэх ухааны лаборатори танхим, шаардлагагүй/ тул зөвхөн маневрлах боломжтой анги танхимуудтай, аюулгүй, гадна талбайгаа сайн тохижуулсан орон сууцны хорооллуудад хийх бүрэн боломжтой. Хүүхдүүдийг өдөрт нэг удаа халуун хоолоор хангаж, 2 удаа идэх хөнгөн зуушийг эцэг эхээр нь бэлдүүлэх боломжтой.
Санал-4: Ахлах, дунд сургуулийн нэг ангид хичээллэх хүүхдийн тоог багасгах боломж: Дээрх маягаар бага сургуулийн сурагчдыг гэртэй нь ойрхон суралцах боломж хангагдвал одоогийн 1092 хүүхэд суралцах стандарттай сургуулиудыг зөвхөн дунд болон ахлах сургуулийн хүүхдүүдэд зориулах бололцоо бүрдэнэ. Ингэх аваас сурагчид өдөр бүр 4 биш харин 8 цагийн турш багшийн хяналт дор сургууль дээрээ боловсрол авах боломж нээгдэнэ. Ахлах, дунд сургуулийн хөтөлбөрөөр дамжуулан хүүхдийг хөгжүүлэх, бие даалгах, багаар хамтарч ажиллах, эрдэм номд шамдах сонирхлыг нь өдөөх ажлыг багш нар удирдах боломж ч бүрдэнэ. Ахлах ангийн сурагчдын хичээлийг /9-12 анги/ аажмаар 80-90 минутаар хичээллэдэг болговол хүүхэд тэвчээртэй сууж, төвлөрч сурах арга барилд суралцах, дадал зуршил суух, цаашид их, дээд сургуульд орох суурь бэлтгэлийг хангаж өгөх болно. Мөн сурагчид өдөрт нэг удаа халуун хоол, хоёр удаа идэх зуушийг гаднын хүүхдүүдийн адил lunchbox ашиглаж, өөрсдөө гэрээсээ бэлтгэж авчрах боломжтой. Дунд, ахлах ангийн хүүхдүүд дүрэмт хувцас өмсөж сургуулийн автобусаар зорчих боломжийг нэмэх нь аюулгүй байдлыг хангаж, түгжрэлийг бууруулах гарц болно.
Санал-5: Багш нарыг бэлтгэх арга: Багш нарыг бэлтгэхдээ их дээд сургуулийн бакалаврын ангид доод тал нь 2 үндсэн, нэмэлт 2 хичээл заах чадвартай багш бэлтгэх хэрэгтэй. Тухайлбал биеийн тамирын багшийг эрүүл мэндийн хичээл давхар заах, математикийн багшийг геометр, химийн багшийг физик, уран зохиолын багшийг монгол хэл, монгол бичиг заах, нийгэм судлалын багшийг түүх, газар зүй, эрх зүйн хичээлүүдийг давхар заах, дууны багшийг хөгжим, бүжиг, драмын урлаг заах, дүрслэх урлагийн багш хичээлийг дизайнтай хамт заах, компьютерын багш санхүү, бизнесийн хичээлийг хамт заах чадвартай болгох нь чухал. Энэ ажлыг дотоодын их дээд сургуулиудтай хамтарч тусгай хөтөлбөрөөр дамжуулан бэлтгэх боломжтой. Ингэснээр бид хөрвөх чадвартай, ажилдаа дуртай, цомхотголд орохгүй, хоцрогдох айдасгүй багш нарыг төрүүлнэ. Бакалаврын дипломтой хүнд багшлах эрхийг олгохдоо дадлага хийсэн байх шалгуур тавих нь чухал. Тухайлбал математикийн хичээл заах багшлах эрхийг олгохдоо ерөнхий боловсролын аль нэг сургуульд бүтэн нэг жил математикийн дадлагажигч багшаар ажиллуулж тухайн сургуулийн захирал, бусад багш нараас эерэг үнэлгээ авсны дараа математикийн хичээл заах багшлах эрх олгох, харин хоёрдогч хичээл буюу геометрийн хичээл заах багшлах эрхийг мөн дээрх шатлалын дагуу олгоно.
Санал-6: Гадаад хэлний боловсрол: Шинэ зууны Монгол улсын хөгжлийг дэлхийн хэмжээний боловсрол, орчин үеийн мэдлэг, өндөр ур чадвар эзэмшсэн, олон улсын тавцанд өрсөлдөх чадвартай шинэ үе түүчээлэх болно. Иймд ерөнхий боловсролын сургуульд англи, орос, хятад хэлнээс сонгож үзэх боломжийг нээж, 3-р ангиас эхлэн гадаад хэл заах шаардлагатай. Хүүхэд гадаад хэлийг бага насандаа үзвэл маш өндөр үр дүнтэй байдаг бөгөөд эх хэлээ ч давхар сайн сурах үндэс болдог. Дэлхий даяаршиж буй энэ үед гадаад хэлний боловсрол олгох үйл явц нь өөрөө мэдлэгийг тэлж боловсрол олгох үйл явцыг задалж өгдөг. Гадаад хэл сурснаар тухайн улсын түүх, соёл иргэншил, улс төр, эдийн засаг, хүн ард, иргэд хоорондын харилцааг олон талаас нь давхар суралцах боломж гардаг. 1990-ээд онд Боловсролын яам орос хэлний багш нарыг 2 жилийн түргэвчилсэн хөтөлбөрөөр давтан сургаж англи хэлний багш нарыг бэлтгэж байсан түүхтэй.
Санал-7: Төсвөөс олгож байгаа хувьсах зардлыг ялгавартай олгох: Хувьсах зардлыг зөвхөн улсын сургуулиудад олгож, шаардлагатай гэж үзвэл хувийн сургуулиудын тогтоосон сургалтын төлбөрөөс хамаарч, харилцан ялгаатайгаар тогтоон олгож болно. Нэг ёсондоо өндөр төлбөртэй сургуульд хувьсах зардлыг бага, бага төлбөртэй сургуулиудад одоо байгаа хэмжээгээр олгож болно. Хэмнэсэн хөрөнгийг улсын сургуулийн тоо, хүрэлцээг нэмэх, нэг ангид суралцах хүүхдийн тоог бууруулах, багш нарын ур чадварыг дээшлүүлэхэд чиглүүлэх боломжтой.
Санал-8: Хувийн болон улсын статус үл хамааран ЕБС-ын хичээл эхлэх цагийг зөрүүлэх: Тухайлбал хоёр ээлжтэй сургуулийг эрт, нэг ээлжтэйг арай орой эхлүүлбэл замын түгжрэл буурч, сургуулийн барилгын хүчин чадлыг бүрэн ашиглах боломж нээгдэнэ. Түүнчлэн бага, дунд сургуулиудыг автобустай болгоход анхаарвал чухал. Наанадаж хүүхдийн аюулгүй байдал хангагдаж, замын бөглөрөл, эцэг эхчүүдийн цаг зав, олон гэр бүлийн бензин, түлшний зардал хэмнэгдэх юм. Нэгэнт гэр бүлийн зардал хэмнэгдэж буй тул автобус ашиглалтын зардлын багахан хувийг эцэг, эхчүүд төлөх ч боломж гарахыг үгүйсгэхгүй.
Санал-9: Ерөнхий боловсролын сургуулийн хичээллэх хоногийг нэмэх: Ерөнхий боловсролын сургуулиуд жилийн 365 хоногоос 150 хоногт нь хичээллэдэг. Үүнийг доод тал нь 180-190 хоног хичээллэх, өдөрт 4 биш харин 7-8 цаг сургууль дээрээ багшийн удирдамж дор хүн болж төлөвших боломж бүрдүүлэх бодлого хэрэгжүүлэх шаардлагатай.
Санал-10: Хувийн сургуулиудын хичээл эхлэх өдрийг 9-р сарын 1 гэж хатуу тогтоохоос татгалзах: Хэлний буюу тусгай мэргэжлийн багш дутагдалтай үед гадаадаас мэргэжлийн багш авах шаардлага үүсдэг. Үүнтэй холбоотой маш олон төрлийн зөвшөөрөл, виз хөөцөлдөх процесс нь 4-5 яам агентлагаар дамждаг тул энэ ачааллыг тэнцвэржүүлэх шаардлага бий. Хувийн сургуулиуд өөрсдийн онцлогт тохируулан хичээлийн жилийг 8-р сарын сүүлчээр эхлэх боломжийг хуульд тусгах нь түгжрэл, ачаалал, хүнд суртлыг бууруулах олон талын ач холбогдолтой.
Санал-11: Ахлах ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгох, карьер хөгжлийн сэдвээр нэмэлт хөтөлбөртэй болгох: Монгол улсын эдийн засаг тэлж, хөгжихийн хэрээр чадварлаг, мэргэжлийн боловсон хүчний хомсдол үүссээр байна. Монголд их, дээд сургууль төгсөгчийн тоо их ч, ихэнхи нь мэргэжлээсээ өөр ажил хийж байгаа хандлага нийтлэг. Энэ эрэлт, нийлүүлэлтийн зөрүү нь дунд, дээд боловсролын чанараас хамаарч байгаа ч ахлах ангийн сурагчид оюутан болохдоо мэргэжлээ зөв сонгож чадахгүй, энэ талаарх мэдээлэл бага байдагтай холбоотой. Ахлах ангийн сурагчид, эцэг эхчүүдэд зориулсан Монгол улст хэрэгтэй байгаа мэргэжлүүдийг таниулах, мэргэжил бүрийн онцлогийг харуулсан хичээлээс гадуурх цуврал лекц, сургалт явуулах нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг нийцүүлэхэд багагүй хувь нэмэр болно.
Санал-12: Боловсролын яаман дахь мэргэжлийн баг, тогтвортой хөгжлийг бий болгох: Боловсролын салбарыг мэргэжлийн хүн удирдаж, бодлогын түвшинд мэргэжилдээ дур сонирхолтой, мэргэжлийн баг ажиллуулах аваас судалгаа, шинжилгээг тогтвортой хийж, үүн дээр тулгуурлаж салбарын хөгжлийн бодлого гаргах, гаргасан бодлогыг туршилтаар хэрэгжүүлэх, сургуулийн удирдлагын санаа бодлыг сонсох, үр дүнд үнэлэлт дүгнэлт өгөх зэрэг системтэй ажлуудыг хийж баймааж боловсролын салбарын оновчтой бодлого, хэрэгжилт үр дүнгээ өгч, салбарын хөгжил дараагийн шатанд гарах билээ. Энэхүү цогц ажлыг Боловсролын яам гардан зохион байгуулах үүрэгтэй тул мэргэжлийн сайд, түүний дор мэргэжлийн баг доод тал нь 4 жилдээ тогтвортой ажиллуулах шаардлагатай байна. Боловсролын Яам мэргэжлийн багш нарыг бэлтгэх, багшлах эрхийг олгох системийг бий болгох, багш нарыг давхар мэргэжил эзэмшүүлэх, мэргэжлийг дээшлүүлэх бодлого гаргах, бага насны хүүхдийг гэрт нь аль болох ойрхон суралцуулах бодлого гаргах, хүүхдийг аль болох сургууль дээр нь 7-8 цаг багшийн дэргэд суралцах боломжоор хангах, сургуулийн хүрэлцээг сайжруулах, нэг ангид суралцах хүүхдийн тоог багасгах, сурах бичигт анхаарах, хугацаанд нь нийлүүлэх зэрэг үндсэн ажилдаа сайтар төвлөрөх нь хамгаас чухал байна.
Санал-13: Боловсролын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, итгэмжлэл олгох: Тусгай зөвшөөрөл, итгэмжлэл олгох ажлыг мэргэжлийн багаас бүрдсэн, олон нийтийн байгууллагад хариуцуулж, улс төр, төрийн алба, бизнесийн байгууллага, иргэдээс хамааралгүй болгож зөвхөн мэргэжлийн баг мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлж, хяналт тавих эрхийг хуулиар олгох шаардлагатай. Боловсролын яамнаас зөвхөн ямар шалгуурууд байх ёстойг баталж өгөхөд л хангалттай. Энэ ажлыг хийх олон нийтийн байгууллагад ажиллах багийн бүрэлдэхүүнд олон жил ажилласан туршлагатай, нэр хүндээрээ танигдсан багш нар, сургуулийг амжилттай удирдсан захирлууд, багшилж байгаад тэтгэвэртээ суусан, эсвэл баруунд боловсролын сэдвээр магистр, доктор хамгаалсан шинэ болон хуучин үеийн төлөөллийг тэнцүү оролцуулсан нэгжийг байгуулж ажиллуулах бүрэн боломжтой. Нэгэнт тусгай шалгуурыг давж тусгай зөвшөөрөл, итгэмжлэл авсан сургуульд тохирсон зэрэг дэв тогтоох, итгэмжлэл олгох ажлыг энэхүү олон нийтийн байгууллагаар хийлгүүлэх нь олон улсын жишиг билээ. Ингэснээр сайн сургуулийг хүлээн зөвшөөрөх, таарууханд нь хугацаа өгч ажлыг нь сайжруулах, дахин хугацаа өгөх, бүр сайжрахгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах, эсвэл төсвөөс олгож байгаа татаас мөнгөнөөс хяналттайгаар тодорхой хэсгийг хуваарилж, бодлогоор дэмжих гэх мэт шинэлэг арга механизм үгүйлэгдэж байна. Ингэж чадвал боловсролын салбарт чанар, хөгжил ярих үндэс суурь тавигдана.
Санал-14: Боловсролын үйл ажиллагааны чанарын үзүүлэлт: Боловсролын байгууллагад олгох итгэмжлэл, зэрэг дэв олгох шалгуур үзүүлэлт нь тухайн байгууллагын хөгжил дэвшилд ихээхэн түлхэц болдог. Аль ч боловсролын байгууллага оюутан сурагчид, эцэг эх, сургуулийн хамт олон, хөрөнгө оруулагч буюу улс орны гэсэн 4 талын сонирхлыг тэнцвэртэй хангасан эсэхийг тогтоож байж чанарын тухай ярих ёстой.
Чанартай боловсролын шалгуур үзүүлэлтүүд:
1. Хүүхдийн суралцах орчны аюулгүй байдал, нэг ангийн хүүхдийн тоо, насанд нь тохирсон орчинтой эсэх: – Энэ үзүүлэлтийг сурагчдаас, эцэг эхээс асуулга хийж тодорхойлж болно.
2. Сурагчдын ирц / Сурагчид сургууль болон хичээлдээ дуртай эсэх: Сурагчид багш нараас асуулга хийж дүгнэж болно. Тухайлбал багш хичээлээ сонирхолтой зааж байна уу, Сурагчид хичээлдээ суух сонирхолтой байна уу гэх мэт.
3. Үндсэн хөтөлбөрийг хүүхдэд зааж буй арга барил нь сонирхол татахуйц байгаа эсэх: – Энэ үзүүлэлтийг сурагчдаас, эцэг эхээс асуулгаар авч дүгнэлт хийх боломжтой.
4. Үндсэн хөтөлбөрөөр үзэх хичээлийн цагууд сургуулийн хуваарьт орсон эсэх: – Боловсролын яамнаас баталдаг. Тухайлбал 10-р ангийн хүүхэд геометрийн хичээл / эсвэл математик, физик, химийн, хэл, уран зохиолын хичээл гэх мэт / үзэх ёстой цагийг хичээлийн хуваарьт бүрэн тусгасан уу, бүрэн үзсэн бол тухайн хүүхдийн үнэлгээ нь кредитээ авах хэмжээнд очсон эсэхийг шалгах үзүүлэлт.
5. Туслах хөтөлбөрөөр үзэх хичээлүүд сургуулийн хуваарьт орсон эсэх – Боловсролын яамнаас баталдаг. Тухайлбал 8-р ангийн хүүхэд /дүрслэх урлаг, дуу хөгжим – бүжгийн хичээл, биеийн тамир, эрүүл мэндийн хичээл гэх мэт / үзэх ёстой цагийг хичээлийн хуваарьт бүрэн тусгасан эсэх, тухайн хүүхэд энэ хуваариар хичээллээд кредитээ авах хэмжээнд очсон эсэхийг шалгах үзүүлэлт.
6. Сурагчдын сурах бичиг, нэмэлт ном, номын сангийн баяжуулалт хийгдэж байгаа эсэх – Сурагчид үндсэн болон туслах хичээлээр өөрийн мэдлэгийн зар хүрээг өргөжүүлэх, нэмэгдүүлэх, гүнзгийрүүлж биеэ даан үзэхэд сурагчдын хэрэгцээнд хангалттай гарын авлага материал сургуулийн номын санд байгаа эсэхийг шалгах үзүүлэлт – Үүнийг багш, сурагчдаас асуулга авч дүгнэх боломжтой үзүүлэлт.
7. Багшлах бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар, багшийн хичээлийн хөтөлбөр – Багшлах эрхтэй эсэх, хэдэн жилийн туршлагатай, давхар ямар хичээлийг заах чадвартай, хичээлийнхээ конспектийг байнга хийдэг, түүнийгээ дагаж мөрддөг эсэх; Энэ үзүүлэлтийг багш нартай ярилцлага хийж, асуулга бөглөх хэлбэрээр чадварыг нь дүгнэдэг. Мөн эцэг эхээс асуулга авч дүгнэх боломжтой.
8. Багшлах бүрэлдэхүүнийг давтан сургаж тэднийг хөгжүүлэхэд хийсэн ажлууд – Багш нарын заах арга барилыг баяжуулах, бусад багшаас суралцуулах, багш нарыг нэг хэвэнд оруулж зэврээхгүй байх гэх мэт сургуулийн захиргаанаас тэднийг хөгжүүлэхэд ямар арга хэмжээ хэрэгжүүлж байгааг шалгадаг үзүүлэлт.
9. Сургалтын хөтөлбөр, стандартыг удирдаж байгаа захирлуудын мэргэжлийн ур чадвар – Тухайн сургуулийг мэргэжлийн хүн удирдаж байгаа эсэхийг шалгадаг үзүүлэлт.
10. Сургуулийн захиргаанаас эцэг эхэд зориулж байгаа уулзалт үр дүнтэй эсэх;- Сургуулийн захиргаанаас тухайн хүүхдийн эцэг эхэд өгч буй зөвлөгөө, чиглэл, хамтын ажиллагаа үр дүнтэй эсэх, Эцэг эхчүүд хүүхдээ дэмжих, ойлгох тал дээр санаачилгатай байгаа эсэхийг тогтоох үзүүлэлт
Санал-15 Хувийн ба улсын сургуулийн түншлэл: Өнгөрсөн 10 жилийн турш бид Хан-Уул дүүргийн 60-р сургуулийг өөрийн sister school/түнш сургууль болгож, сургуулийнхаа менежментээс тодорхой хэсгийг хамгийн бага зардлаар нутагшуулах ажлыг хамтарч хийж ирсэн. Өнөөдөр энэ сургуулийн хүүхдийн тоо их боловч суралцах хамгийн таатай, аюулгүй, хамгийн сайн ногоон байгууламжтай сургууль болж чадсан. Сайн захиралтай, сайхан хамт олонтой улсын сургуульд сайн менежментийг нутагшуулж болдог бодит жишээ бол энэ. Монголд үйл ажиллагаа явуулж буй 160 гаруй хувийн сургууль дээр туршигдсан сайн менежментийн арга туршлагаас улсын сургууль дээр маш бага зардлаар нутагшуулж, know-how хуваалцах боломж бидэнд байна.
Жич: Дээрх 15 саналыг Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, УИХ-ын дэргэдэх Боловсролын тухай хууль шинэчлэх ажлын хэсэг, УИХ-ын БСШУС-ын байнгын хороонд хүргүүлсэн болно.
Бэлтгэсэн: Улаанбаатар дахь Америк дунд сургуулийн Ерөнхий захирал Д.Оюунсүрэн