ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Кумар Ахужа болон Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр “Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нөлөөллийг бууруулах”, “Монгол Улсад цахим хөдөө аж ахуйг хөгжүүлэх” техникийн хамтын ажиллагааны хоёр төслийн баримт, бичигт гарын үсэг зурлаа.
Төслийн хүрээнд, 2020 оны зун хур тунадас багатай зуншлага тааруу байсан аймгуудад шаардлагатай өвс тэжээл бэлтгэх, зудын эрсдэлийг бууруулах чиглэлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм.
“Монгол Улсад цахим хөдөө аж ахуйг хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлснээр, ХХААХҮ-ийн салбарт мэдээлэл, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, үйл ажиллагаагаа цахимжуулах, салбарын нэгдсэн цахим мэдээллийн сан платформыг бий болгох ач холбогдолтой юм.
Мөн ХХААХҮЯ-наас санаачилан “Хөдөө аж ахуйн салбарын зохицуулалтын нэгдсэн платформ”-ыг НҮБ-ын ХХААБ болон АХБ-тай хамтран хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна.
Ингэснээр олон улсын хөгжлийн түнш байгууллагуудаас Монгол Улсын ХХААХҮ-ийн салбарт хэрэгжүүлж байгаа мега төсөл, техник туслалцааны төслүүдийн уялдааг зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах механизм бий болж, үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжтой болох юм.
Эх сурвалж: ХХААХҮ