Хүүхэд ахуйдаа тэрбээр кинон дээр Дэлхий ертөнцийг аймшигт вирусээс авардаг бол том болоод жинхэнээсээ энэ үйл хэргийг хийжээ. Алиса Селезневагийн дүрд тоглосон Наталия Гусева кино урлагтай холбоогүй мэргэжил сонгож, микробиологич болжээ.
Тэрбээр Н.Ф.Гамалейн нэрэмжит халдвар судлал, микробиологийн эрдэм шинжилгээний хүрээлэнд олон жил ажиллаж байна. Энэ хүрээлэн л коронавирусийн эсрэг дэлхийн анхны вакциныг бүтээсэн юм.
Наташа охин 11 насандаа анх хүүхдийн богино хэмжээний кинонд сурагч охины жижигхэн дүр бүтээж байжээ. Харин “Ирээдүйгээс ирсэн зочин” дэлгэцнээ гараад жилийн дараа тэр жинхэнэ од болсон юм. Алиса охинд ЗСБНХУ-гаас гадна дэлхийн олон орноос захидал ирж байлаа. Охиныг хүн бүр таньдаг болсонд бэлтгэлгүй байсан тэрбээр байнга толгой унжуулж явдаг болжээ.
Охин багадаа жүжиглэх авьяастайгаас гадна биологиор хичээллэдэг байсан. Тиймээс биологич мэргэжлийг сонгосон байна.
Тэрбээр 1989 онд Москвагийн нарийн химийн технологийн улсын дээд сургуульд биотехнологийн мэргэжлээр элсчээ. Эрдэм шинжилгээний авьяас нь ч илэрч, тэрбээр Н.Ф.Гамалейн нэрэмжит халдвар судлал, микробиологийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан болжээ.
Эх сурвалж: kulturologia.ru
Орчуулагч: Марта