Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн албан хаагчид Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Бриллиант” шөнийн клубын ойролцоо “41..” улсын дугаартай цагаан өнгийн автомашинаас хар тамхи хэрэглэсэн этгээдийг баривчилжээ.
Цагдаагийн албан хаагчид энэ хэргийг өнгөрсөн сарын 29-30-нд шилжих шөнийн 01:00 цагийн орчимд илрүүлсэн байна. Хэргийн газарт үзлэг хийх явцад 0.5 грамм айс буюу метафетамин илэрч, унаж явсан автомашин дотроос нь цагдаагийн албаны жагсаал хувцас гарч ирсэн аж.
Хэрэгт холбогдсон этгээд нь тус дүүргийн замын цагдаагийн тасгийн албан хаагч Б гэгч болох нь тогтоогдсон байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, албан хаагч Б нь хар тамхины хэрэглэгч төдийгүй хар тамхи, мансууруулах бодис худалдан борлуулдаг диллер байсан аж. Тэрээр хар тамхины хэрэглэгчдийг өөрийгөө цагдаа хэмээн сүрдүүлж зарим тохиолдолд хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг нь үнэгүй авч байсан гэнэ.
Цагдаагийн байгууллагад өгсөн түүний мэдүүлэгт хар тамхинаас хамааралтай болсон тул өөрийгөө татаж авахаар цагдаагийн албанд орсон гэжээ. Сэжигтэн Б-г цагдаагийн албаны үүрэгт ажлаас нь түр чөлөөлсөн бөгөөд хэргийг Улсын мөрдөн байцаах газарт үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.
1 comment
ТӨРИЙН ЦАГДААГЫН НЭРИЙГ БААСДАЖ ДЭЭ ЕРНЬ ӨНДӨР ШАЛГУУРААР ЦАГДАА БОЛДОГ БАЙМААР ЮМДАА