Өдгөө дэлхий дахины хэрэглэж буй эрчим хүчний бүхий л эх үүсвэрээс хамгийн бохир бөгөөд хүний эрүүл мэндэд хамгийн хөнөөлтэй нь нүүрс. Дэлхий нийт жилд дунджаар найман тэрбум тонн нүүрс түлж, эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 40 хувийг хангадаг. Нүүрс мөн дэлхийн агаар мандлыг сүйтгэгч хорт хийн 30 гаруй хувийг дангаараа бүрдүүлж, уурхайн салбарт жил бүр мянга мянган хүний амийг авч одон, утаа угаараараа түүнээс ч олон хүнийг өвчин эмгэгтэй болгож байна. Тэгэхээр “Нүүрснээс яаж татгалзах вэ” гэсэн асуултыг дэлхий нийт өөрсдөөсөө асуух цаг нэгэнт иржээ. Америкийн Баруун Виржиния мужийн нутаг дахь Аппалачиягийн уулс газартай тэгширч, хормойгоор нь урсаж байсан гол горхи улбар өнгийн хүчилтэй шалбааг болон хувирсныг, Бээжин хотын төв яг л тамхичдын умгар өрөө шиг болсныг харахад л нүүрс хэчнээн аюултай зүйл болох нь захын хүнд ойлгогдоно.
Гэвч нүүрс эрчим хүчний хамгийн хямд эх үүсвэр тул дэлхий нийтийн нүүрсний хэрэглээ буурахгүй байна. 2012 онд гэхэд л дэлхий дахины түлсэн хатуу түлшнээс 34.5 тэрбум шоо метр хүлэмжийн хий ялгарсны тэн хагас нь нүүрснийх байлаа. Тэгэхээр Хойд мөсөн далай хэр хурдан хайлах, далайн түвшин хэр хэмжээгээр нэмэгдэх зэрэг нь үндсэндээ нүүрсний хэрэглээнээс шууд хамааралтай юм. Ялангуяа эрчим хүчний салбарын гол тоглогчид болох АНУ, БНХАУ-ын нүүрсний бодлого ямар байхаас хүн төрөлхтний хийгээд гариг дэлхийн ирээдүй шалтгаалах болоод байна. Байгалийн хямд хийн нийлүүлэлт нэмэгдсэнээс АНУ болон Европын зарим улсад нүүрсний хэрэглээ буурсан ч Хятад зэрэг томоохон орнуудад нүүрсний хэрэгцээ, шаардлага өссөөр байгаа.
Сүүлийн 20 жилийн хугацаанд олон зуун сая хүн зөвхөн нүүрсний ачаар анх удаа цахилгаан, эрчим хүчтэй золгосон бол дахин хэдэн зуун сая хүн ээлжээ хүлээж буй. Гэвч зөвхөн эрчим хүчтэй болохын тулд байгаль орчноо ч, эрүүл мэндээ ч хохироосоор байх уу? Сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт зэрэг нүүрсний аюулаас сэргийлэх олон гарц бий ч нүүрстөрөгчийн давхар ислийг ялгаж аван “чулуужуулж” газар дор булах нь хамгийн үр дүнтэй арга гэж эрдэмтэд үздэг. Энэ нь бүтэшгүй зүйл шиг сонсогдох ч АНУ-ын Эрчим хүчний яам сүүлийн 30-аад жилд энэ аргыг боловсронгуй болгохын тулд хэдэн арван судалгаа, туршилтад нийт 6.5 тэрбум ам.доллар зарцуулжээ. 2000 оноос хойш 20 гаруй сая шоо метр нүүрсхүчлийн давхар ислийг Хойд Дакота мужид боловсруулж байгалийн нийлэг хий болгон Канадын Саскачеван мужид нийлүүлсэн нь одоогоор энэ чиглэлийн хамгийн том ажил болоод байна. Америкаас авсан бохир хийгээ Канадын газрын тосны “Cenovus Energy” компани нефтийн орд газрынхаа орчимд, 1.6 км-ийн гүнд юу ч үл нэвтрэх давс хужир, занарын бүрхүүл дор хадгалдаг. Гэхдээ нүүрсний давхар ислийг хэр удаан газар дор хадгалах боломжтой вэ? Байгалийн давхар ислийн нөөц олон сая жил аюулгүй хадгалагддаг. Харин давхар исэл их хэмжээгээр гэнэт алдагдах нь хүн, амьтанд хөнөөлтэй нь тодорхой. Өнөөг хүртэл ийм гамшиг болоогүй, эрдэмтэд ч иймэрхүү осол болох магадлал тун бага гэж үздэг. Гэвч нүүрстөрөгчийг “булшлах” нь өндөр өртөгтэй, байгаль экологид хортой юм.
Европчууд эрчим хүчний үйлдвэрүүдийнхээ ялгаруулдаг хорт хийг бүтэн зуун жилийн турш Умард тэнгисийн ёроолд булах боломжтой гэж үзжээ. Америкчууд мөн үүнээс санаа авч Вашингтон мужийн нутаг дахь Колумбия мөрний сав газарт хэд хэдэн ийм туршилт хийсний дотор багахан хэмжээний нүүрстөрөгчийн хийг галт уулын хүрмэнд шахаж, тэр нь кальци, магнитай урвалд орон шохойжсоноос хорт хий алдагдахааргүй болсон нь хамгийн амжилттай туршилт байв. Гэхдээ энэ нь түлсэн нүүрснийх бус, далай тэнгисийн гүнээс гаргаж авдаг байгалийн хийгээс ялгаж авсан нүүрстөрөгч юм. Тиймээс нүүрс түлдэг үйлдвэрүүдэд байдал өөр байна. Нүүрстөрөгчийн давхар ислийг “барьж авах” нь нүүрсний аюулт хийг “булшлах” технологийн хамгийн хүнд хэцүү, өртөгтэй хэсэг бөгөөд энэ аргыг хамгийн өргөн хүрээнд ажил хэрэг болгож буй Америкийн Баруун Виржиния мужийн нутаг дахь “Mountaineer” станцын нүүрстөрөгчийн хий ялгаж авах төхөөрөмж гэхэд л 5.6 га талбай эзлэн орших арван давхар байшинтай тэнцэхүйц өндөр байгууламж юм. Нүүрснээс татгалзах нь түүнийг хэрэглэхээс ч илүү бэрхшээлтэй болохыг эндээс харж болно. Ийм шалтгаанаар нүүрснээс татгалзаж чадахгүй, ийм оролдлого ч хийх боломжгүй байгаа улс бол Хятад юм. Тус улсын эрчим хүчний эх үүсвэрийн 80 хувийг нүүрс дангаараа бүрдүүлдэг. Нүүрс нь ахуйн хүрээнд ашиглаж болох хамгийн олдоцтой түлш учир хятадууд нүүрсийг эрчим хүчээс гадна үйлдвэрлэлийн элдэв бодис, шингэн түлшнээс эхлээд хуванцар, хиймэл торго, мяндсан утас хийхэд хүртэл ашиглаж байна.
Хятад улс одоогоор нүүрснээс татгалзаж чадахгүй байгаа ч аюул, сөрөг талыг нь өмнөхөөсөө илүү ойлгох болжээ. Агаарын чанар муу байгаа талаар гадаад, дотоодын иргэд байнга гомдоллох болсон, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд Бээжингийн эрх баригчид нухацтай хандаж, эрчим хүчний аюулгүй байдал, технологийн дэвшил зэргийг чухалчлах болсон нь Хятадыг сэргээгдэх эрчим хүчний салбарт хэдэн тэрбум ам.доллар зарцуулахад хүргээд байгаа. Сүүлийн тав хүрэхгүй жилийн дотор тус улс салхин хөдөлгүүр болон нарны цахилгаан үүсгүүр үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэх болж, дотооддоо нарны эрчим хүчний хэдэн зуун бичил станц байгуулжээ. Мөн саяхнаас цэвэршүүлсэн нүүрсний станц байгуулах талаар ярьж, дээр дурдсан нүүрстөрөгчийн давхар хийн ислийг ялгаруулах хямд төсөр технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна. Эдгээр нь хилийн чанадаас их хэмжээний хөрөнгө мөнгө болоод чадварлаг мэргэжилтнүүдийн урсгалыг Хятад руу чиглүүлжээ. Тэдний дунд АНУ-ын Байгаль хамгаалал, сэргээгдэх эрчим хүчний дэд сайд асан Майкл Дэвис нарын эрчим хүчний тэргүүлэх зөвлөхүүд ч бий. Бээжингээс 140 орчим км-ийн зайд орших Тяньжинь хотод 2016 онд ашиглалтад орох, нүүрсийг хорт ислээс нь салгаж боловсруулах Хятадын анхны цахилгаан станц тэдний ажлын гол талбар байх юм. “GreenGen” хэмээх уг станцад нүүрсний хийн хорыг 80 хүртэлх хувиар бууруулах аж. Харин АНУ дахь ийм төрлийн анхны станц энэ оны сүүлчээр Миссиссиппи мужийн зүүн хэсэгт ашиглалтад орох төлөвтэй байна. Харамсалтай нь тус хоёр улсаас өөр бохир нүүрсний асуудлыг хэрхэн шийдэх талаар дорвитой ажил хийсэн улс орон одоогоор алга.
Дэлхий дахины нүүрсний хэрэглээ болон ялгаруулдаг хүлэмжийн хийн хэмжээ нь урьд хожид байгаагүйгээр нэмэгдсэн тухай НҮБ-ын харьяа Уур амьсгалын асуудал эрхэлсэн олон улсын хороо өнгөрсөн намар мэдэгдсэн. Хяналт, хязгааргүй өсөх гээд байгаа эдгээр тоог нэг түвшинд барьж байя гэвэл нүүрсийг цэвэршүүлэхээс өөр аргагүй бөгөөд дэлхий нийтийн ялгаруулдаг бүх хорт хийн ердөө аравны нэгийг шохойжуулж, газрын гүнд “булшлах” нь өдгөө дэлхий дахины нэг жилд олборлодог газрын тостой тэнцэх хэмжээний хорт хийг газарт булахтай дүйх юм. Энэ нь маш олон тооны дамжуулах хоолой, гүний худаг шаардагдана гэсэн үг. Үүнээс харахад нүүрсийг цэвэр түлш болгоно гэдэг бүтэшгүй ч одоогийнхоос нь хавьгүй цэвэрхэн болгох боломж бидэнд байна. Үүнд хөрөнгө мөнгө, дэвшилт технологиос гадна нүүрснээс салъя гэсэн хүсэл, өөдрөг үзэл хэрэгтэй.
Эх сурвалж: Г.Лхагвадулам
3 comments
Түүнийг гэдэг үгийн Амьтай зүйлийг заахад хэрэглэдэг Нүүрсийг хэрэглэхээс татгалзах нь бэрх гээд л бич л дээ хонгионуудаа бас энэ буруу аргаараа бахархал болгож орчуулга хийх гэж үзнэ
нүүрс газрын тос эрчим хүчний хэрэглээ маш хурдацтай өсөхтэй зэрэгцээд дэлхийн дулаарал улам нэмэгдэж байна
Ene garchigiig mohos bi oilgosongui