Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн 10 гаруй хоног ажил хаялт зарлаад байсан багш нар өнөөдрөөс тэмцлээ зогсоож байна. Засгийн газар өнгөрсөн баасан гаригт ээлжит бусаар хуралдаж, багш нарын цалинг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 20-иос доошгүй хувиар нэмэгдүүлэхээр болж, ажилт хаялтыг түр хугацаагаар зогсоогоод байгаа аж. Өнөөдөр цалингаа нэмүүлэхийг шаардсан багш нар ажилдаа орсноор 20 мянга гаруй хүүхэд сурах эрхээ эдэлж байна.
БСШУСЯ-наас энэ хугацаанд ажил хаялтад оролцсон багш нарт ямар нэгэн хуулийн арга хэмжээ авахгүй байхаар Үйлдвэрчний эвлэлтэй тохиролцон, улмаар цалинг нь олгохоор болжээ. Мөн боловсролын салбарт 25 мянга гаруй үйлчилгээний ажилтан байдаг бөгөөд цалинг нь адил хэмжээнд байлгахаар талууд тохиролцсон байна. Тиймээс зөвхөн багш нар биш, боловсролын салбарт ажиллаж буй үйлчилгээний ажилтны цалин ч тодорхой хэмжээгээр нэмэгдэхээр болжээ.