Эрүүл мэндийн яам өнөөдөр /2020.11.20/ 17 цагт Коронавирусийн халдварын цаг үеийн нөхцөл байдлыг танилцууллаа. Танилцуулгыг дэлгэрэнгүйгээр буулган хүргэе.
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Ковид-19” буюу коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл өгч байна. 11 дүгээр сарын 11-нд манай Улсад дотоодын коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэн. Энэ тохиолдол бүртгэгдсэнээс хойш нийт 9 239 хүнийг хавьтлаар илрүүлэн тодорхойлж, тандалт судалгаа хийсэн. Үүнээс 115 тохиолдлыг илрүүлэн эмчлэх арга хэмжээг авч байна. Энэ бүх тохиолдлуудыг тусгаарлах тандах судалгаа хийхэд идэвхтэй оролцож, иргэд өөрсдөө олон цэг дээр байгуулсан коронавирус илрүүлэх шинжилгээнд идэвхтэй оролцож байгаад талархал илэрхийлье. Ингээд ХӨСҮТ-ийн мэдээллийг танилцуулна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өглөөний /2020.11.20/ 11 цагаас хойш ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид, “Зоонозын өвчин судлалын үндэсний төв”-ийн явуулын лабориторид нийтдээ 426 хүнд шинжилгээ хийсэн байна. Үүнээс Сэлэнгэ аймагт хийгдсэн шинжилгээнд хоёр хүнд коронавирус илэрсэн байна. Улсын хэмжээнд кластир буюу багцаар бүртгэгдэж байгаа халдварын голомтод нийт 122 тохиолдол бүртгэгдсэн байна.
Өнөөдөр халдвартын клиникээс хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Монгол Улсад нийт бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 557 боллоо. Үүнээс эдгэрсэн 337 хүн байна. Сувиллын ажиглалтад 25, гэрийн ажиглалтад хоёр хүн байна. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 310 хүн байна. Нутаг буцаасан 7 хүн байна.
Халдвартын клиникт 213 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдал хүнд 1, хүндэвтэр 32, хөнгөн 180 хүн эмчлэгдэж байна.
Голомтлон багц байдлаар гарсан өвчлөлийн байдлыг аймагт, хотоор танилцуулбал,
Улаанбаатар хотод 33
Сэлэнгэ аймагт 53
Дархан-Уул аймагт 16
Орхон аймагт 13
Дорноговь аймагт 6
Говь-Сүмбэрт 1 халдвар бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн халдварууд голомтолсон, хавьтал болсон хүмүүсээсээ халдвар авсан, хоорондоо хэлхээтэй, холбоотой халдвар асар их байна.
Иргэн Д-ээс гэр бүлийн 15 хүн халдвар авсан байна. Үүнээс гурав нь караоке, бааранд орсны улмаас 18 тохиолдол нь хоорондоо хэлхээтэй халдварын голомт үүсгэсэн байна.
Улаанбаатар хотын 33 тохиолдол бол эхний батлагдсан голомтоос гэр бүлийн ойрын хавьтал 15 хүн өвчилсөн. Үүнээс улбаатай караоке, бааранд орсон хүмүүсээс үргэлжлэн халдвар бүртгэгдсэн нь тогтоогдож байна. Тухайн голомтоос 3 хүн караокед орсны улмаас тэнд хамт байсан нийт 6 хүн өвчилж, тэр нь цаашаа гэр бүлийнхээ хүмүүст халдварлаж, улмаар орон сууцны орцны хэмжээнд бас амьсгалын замын халдварыг тараасан байна. Ингээд нийтдээ бол караокенаас улбаатай 18 тохиолдол нь хоорондоо хэлхээтэй халдварын голомтыг үүсгэсэн байна.
Төмөр замын дагуу төв суурийн газар бүртгэгдэж байгаа халдварын гинжин хэлхээ үүссэн байна
Коронавирусийн халдвар дэлхий даяар бүртгэгдэж байгаа учраас олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, цэнгэж, наргих асуудал хязгаартай байхыг 10 сарын турш зөвлөж байсан. Гэвч уралдаан тэмцээн зохион байгуулсан асуудал гарч ирсэн.
Уралдаан тэмцээнд олноор оролцоод халдварын нууцын хугацаа, гинжин хэлхээний хувьд хамааралтай нь байдал илэрч байна.
Төмөр замын Алтанбулагийн боомтоос эхлээд Замын-Үүд хүртэлх төмөр замын тоочиг, цэг, төв суурин газрын хүмүүсийг оролцуулсан хоёр удаагийн тэмцээнийг зохион байгуулсантай холбоотой бас халдвар тархсан байна.
Халдварын голомтыг илрүүлэхээр үргэлжлүүлэн судалж байна. Гарсан дүгнэлтийг тухай бүр нь ард иргэддээ танилцуулж, сэрэмжлүүлэх арга хэмжээг авч ажиллана.
Дахин сануулахад Караокетэй холбоортой 18 тохиолдлыг тодруулахад нэг орцны 20 айлын 60 гаруй хүнийг шинжлэхэд тэндээс 6 айлын хүн өвчилсөн байна.
Тэгэхээр караокед орсон хүмүүс бүрэн гүйцэд ирэхгүй байна. Ийм хүмүүсийг бид караокений камер шүүх, ирсэн хүмүүсээс асуумж судалгаа авах байдлаар илрүүлэх болно. Тэгэхээр одоо энэ караокед 11 сарын 9-нд орж үйлчлүүлсэн хүмүүс, мөн UB PALACE-д үзвэр үзсэн хүмүүс, “Эмоци”-ийн тоглолт үзсэн хүмүүс бүгд нэгийг бодож, нийт хүн амын эрүүл мэндийн төлөө, өөрийн эрүүл мэнд сайн сайхны төлөө эрүүл мэндийн байгууллагад хандаж, зөвлөгөө зөвлөмж авах, шинжилгээ өгөх асуудлыг онцгой анхаарахыг хүсье.
Халдварын нөхцөл байдалтай холбоотой дэглэм цааш үргэлжилж магадгүй. Иргэд бүх арга хэмжээг дэмжин заавар зөвлөмжийг дагаж, тэвчээртэй хандаж, дэмжин ажиллаж байгаад талархаж байна. Иргэд хөл хорионы дэглэмээ сайн барих, маскаа зүүх, хүн хоорондын зайг барих бөөгнөрөл үүсгэхгүй байх тал дээр анхаараарай. Бөөгнөрөл үүссэнээс болж өвчлөл дэгдэж байна гэдгийг та бүхэн ойлгосон байх.
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Ковид-19” коронавирусийн халдварын гол дамжих зам бол агаар тусалын зам байгаа. Тиймээс бид ойрын болон хоёрдагч тавьтлууд 9239 хүнийг шинжлэхэд 115 тохиолдол илэрсэн байгаа.
Иргэд гэртээ өдөрт 2-3 удаа агаарын сэлгэлт хийх хэрэгтэй байна. Мөн гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, ариутгал халдваргүйжүүлэлт сайн хийх хэрэгтэй.
Аяга тавгийг зориулалтын бодисоор угаах, тус тусдаа аяга, таваг, халбагатай байж, тэрийгээ болихгүй байх, нэг савнаас хувааж иддэг хоолноос татгалзах, хүн бүр тусдаа гар нүүрийн алчууртай байх, гар нүүрийн алчуурыг угааж, индүүдэх, 3-7 хоногт ор дэрний цагаан хэрэглэлийг сольж, угааж, индүүдэж байх хэрэгтэй.
Хатуу гадаргууг белизнаагийн уусмалаар угаах, гэртээ чийглэг орчин бүрдүүлэх, орон сууцны иргэд паарны дор ус тавих, гэр хорооллын иргэд зуухны хажууд ус тавих зэргээр агаарыг чийгтэй цэвэрхэн байлгах нь халдвараас сэргийлнэ” гэлээ.
Н.ЦЭНДБАТ