Эх сурвалж: Б.Аззаяа | Zindaa.mn
ХБНГУ-ын Бавари мужийн мэдээллийн “BR” агентлагт саяхан Монгол Улсад цэргийн сургуульд оролцсон герман цэргээс халдвар илэрсэн тухай мэдээлжээ. Коронавируст халдварын энэ цаг үед олны анхаарлыг татаж, эргэлзээ төрүүлээд байгаа энэ мэдээллийн үнэн худлыг шалгахаар манай редакц “факт-чек” хийлээ
Германы “BR” агентлагт гарсан мэдээллийг сийрүүлбэл:
“ХБНГУ-ын армийн Бад Райхенхаллын уулын явган цэргийн ангийн 25 цэрэг коронавируст халдварын улмаас хоёр долоо хоног тусгаарлагджээ. Тэд Монгол Улсад болсон цэргийн сургуульд оролцсон юм. Дээрх 25 цэрэг пүрэв гараг гэхэд эх орондоо ирэх ёстой.
Нэг цэрэг коронавируст халдварын улмаас тусгаарлагдав
Бад Райхенхаллын уулын явган цэргийн 23 дугаар бригадын цэргүүд уг нь хоёр долоо хоногийн өмнө гэртээ ирэх ёстой байв. Гэсэн ч коронавируст цар тахлын улмаас бүрэн бүрэлдэхүүнээрээ хоёр долоо хоногийн турш Улаанбаатар хотын нэгэн зочид буудалд тусгаарлагджээ. Тусгаарлагдсан гэдэг нь аль нэгнээс нь халдвар илэрсэн гэсэн үг юм
ХБНГУ-ын зүгээс Афгани дахь монгол цэргүүдийг 2014 оноос хойш сургаж байна. Монголчууд голчлон Афганистан дахь Мазари-Шарифын хуаранд алба хаадаг юм. Манай агентлагт өгсөн ярилцлагадаа энэ жил хоёр дахь удаагаа хамтарсан сургуульд оролцохоор Монголд ирсэн юм. Түүнчлэн Өмнөговь аймагт орших “Тавантолгой”-н сургалтын баазыг тохижуулсан билээ”
Дээрх мэдээллийг тодруулахаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэст хандахад “Германы цэргүүд “Кемпински” зочид буудалд тусгаарлагдаж байгаад нутагтаа очсон. Тусгаарлалтын явцад шинжилгээ авсан бөгөөд ямар нэгэн байдлаар халдвар илрээгүй гэж мэдээлсэн” юм.
ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг “ХНБГУ-тай хамтарсан Уулын явган цэргийн сургалт дүрэм журмын дагуу явагдсан. ХБНГУ-аас цэргүүд 9 дүгээр сарын сүүлээр ирж, 21 хоногийн тусгаарлалтад хамрагдан хоёр орны хамтарсан сургалт амжилттай явагдаж дууссан. Германы талаас онгоц нь 11 дүгээр сард ирж цэргүүдээ аваад буцсан. Германы цэргийн албан хаагч ямар нэг вируст өвчнөөр өвчлөөгүй. Тиймээс худал ташаа мэдээллийг олон нийтэд түгээхгүй байхыг хүсье” гэлээ.