Цар тахлын халдвараас хамгаалах хууль, холбогдох журмууд нь зарим эрх, эрх чөлөөг тодорхой хэмжээнд хязгаарлаж байгаа. Энэ дунд хэвлэлийн эрх, эрх чөлөөг журмаас журмын хооронд бага, багаар хумисаар байгаа юм. Энэ нь цаашид төр, захиргааны байгууллагын шийдвэрээр “гарцаагүй нөхцөл” гэдгээр хаацайлан хүний үндсэн эрхийг хязгаарладаг аюултай жишгийг тогтоох ноцтой үр дагавартай юм. Иймд бид дуугарах үүрэгтэй.
Өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагууд онцгой нөхцөлд эрх бүхий байгууллагуудын сэрэмжлүүлэг, мэдээллийг үнэ төлбөргүй түгээх хуулийн үүрэг хүлээсэн. Биелүүлж ч байна. Үүний зэрэгцээ иргэдийн аж амьдрал, бодит байдлыг сурвалжлах, бусад эх сурвалжийн мэдээллийг дамжуулах зэрэг мэргэжлийн эрх, үүргээ хязгаарлуулаад байна.
Бүх мэдээлэл ганцхан эх сурвалжтай болж хувирч байна. Иймд бид дуугарах ёстой!
Онцгой үеийн шийдвэр, журам амьдралд яаж тусаж байгаа, захын хороодын айлууд түлш, хоол, хүнсний талон яаж байгааг сурвалжлах боломжгүй байна. Онцгой үед зайлшгүй ажиллах 13 салбарын нэг нь хэвлэл мэдээлэл гэж журамласан мөртлөө ажиллах орчныг нь хязгаарлаад 10-17 цагийн хооронд машин тэргийг нь явуулахгүй байгаа нь ямар учиртай вэ?!
Аливаа онцгой байдал, хөл хорионы дэглэм ч хүний үндсэн эрх, тэр тусмаа хүн төрөлхтөний үнэт зүйл, ардчиллын амин сүнс болох хэвлэлийн эрх чөлөөг хорьж болохгүй!