Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд халдварын голомт батлагдсан учраас хөл хорионы хатуу дэглэмд шилжсэн ба одоогоор дэглэмийн гүйцэтгэл 90 хувьтай байна.
Алтанбулаг сумын нийт хүн амыг түргэвчилсэн оношлуураар оношлох ажил гурав дахь өдрөө үргэлжилж байна. Сүхбаатар сумын найман багийн есөн цэгт иргэд сайн дураар шинжилгээ өгч байна. Өнөөдрийн байдлаар 9772 иргэн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгсөн. Иргэдээс шинжилгээ авах ажиллагаа үргэлжилж байна.
Аймгийн хэмжээнд хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон 31 хяналтын цэг, Сүхбаатар сумаас орж, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих 15 цэг, хөдөлгөөнт эргүүлийн 53 цэг, гэрийн тусгаарлалтын хяналт, хамгаалалтад 409 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Тусгаарлан ажиглах 12 байранд 239 иргэн, гэрийн тусгаарлалтад 44 иргэн, нийт 283 иргэн байна гэж Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил мэдээлэл өглөө.
Үргэлжлүүлэн Батлан хамгаалахын сайд, УОК-ын орлогч дарга Г.Сайханбаяр:Сүүлийн гурав хоногийн хугацаанд Сүхбаатар сумын хэмжээнд 4646 хүн сайн дураар шинжилгээ өгчээ. Арваннэгдүгээр сарын 12-ноос хойш PCR шинжилгээг 1239 хүнд хийсэн. Үүнээс Сүхбаатар суманд 20 бүлэг, Алтанбулаг суманд таван бүлэг шинжилгээ хийх ажил зохион байгуулсан. Ойрын хавьтлуудыг тодорхойлж шинжилгээг үргэлжлүүлэн авч байна. Нийтдээ ойрын хавьтлын 464 хүнээс шинжилгээ авсан. Шинээр халдвар илэрч байгаа учраас хавьтлуудыг тодорхойлж, маршрутыг гаргахаар ажиллаж байна. Одоогийн байдлаар Сүхбаатар, Алтанбулаг сумын иргэдийн 60 орчим хувь нь түргэн оношлуураар шинжилгээ өгсөн. Сэжигтэй тохиолдол илэрсэн үед PCR шинжилгээнд хамруулж байна гэсэн юм.
Сэлэнгэ аймагт шинээр арван хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 51 болсон талаар өнөөдөр /2020.11.20/ Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн билээ.
Л.Баяр