Одоогийн байдлаар Монгол Улсад дотоодын халдварын тохиолдол 120 болоод байна. Ковид-19 коронавирус шинжилгээгээр батлагдаад байгаа иргэдээс халдвар дамжсан байж болзошгүй иргэдийг илрүүлэх, тандалт судалгааны ажил үргэлжилсээр байна.
УОК-оос мэргэжилтнүүдийнхээ зөвлөмжийн дагуу халдварын тархалтыг хумих, халдвартай иргэдийг түргэн хугацаанд илрүүлж, тусгаарлах зорилготойгоор гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хатуу хөл хорио тогтоогоод байгаа юм.
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарлагдсан энэ үед Гамшгаас хамгаалах тухай хууль, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг бид дагаж мөрдөх учиртай. Хэрвээ бид дээрх хуулиудыг маш сайн дагаж, мөрдөх юм бол цар тахлыг богино хугацаанд даван гарах боломжтойг судлаачид сануулсаар байна.
Тиймээс дээрх хоёр хуулиар, иргэд ямар эрх эдэлж, ямар үүрэг хүлээж байгааг уншигчид даа сануулъя.
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 37 дугаар зүйл. Иргэний эрх, үүрэг
37.1.Иргэн гамшгаас хамгаалах талаар дараахь ЭРХ-ийг эдэлнэ:
37.1.1.холбогдох байгууллага, албан тушаалтнаас аюулгүй байдлаа хангахад шаардлагатай арга хэмжээний талаар үнэн зөв мэдээлэл авах;
37.1.2.гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг байгуулах, гишүүнээр элсэх, гамшгаас хамгаалах дундын хөрөнгийн сан үүсгэх;
37.1.3.гамшигт өртсөн тохиолдолд шаардлагатай тусламж, дэмжлэг авах;
37.1.4.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дайчлагдан оролцох үед хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон, амь насаа алдсан бол энэ хуулийн 36.2-т заасан тусламж авах;
37.1.5.голомтын бүсэд дайчлагдан үндсэн ажлаас чөлөөлөгдөн үүрэг гүйцэтгэсэн бол цалин хөлсөө ажил олгогчоос, ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн онцгой байдлын байгууллагын алба хаагчийн нэгэн адил томилолтын зардлыг тухайн шатны Засаг даргын шийдвэрээр авах.
37.2.Иргэн гамшгаас хамгаалах талаар дараахь ҮҮРЭГ хүлээнэ:
37.2.1.гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг биелүүлэх;
37.2.2.гамшгаас хамгаалах сургалтад оролцох;
37.2.3.өдөр тутмын үйл ажиллагаандаа аюулгүй байдлыг хангах;
37.2.4.гамшиг болон аюулаас урьдчилан сэргийлэх, аврах арга, техник, багаж хэрэгслийг эзэмших, зарлан мэдээлэх дохиогоор ажиллах журмыг дагаж мөрдөх;
37.2.5.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцох;
37.2.6.гамшиг болон аюулын тухай мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай, үнэн зөв хүргэх;
37.2.7.эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг зөрчсөн, гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүйн улмаас хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардал, учирсан хохирол, хуурамч дуудлага өгсний улмаас гарсан зардлыг нөхөн төлөх;
37.2.8.хорио цээр болон хязгаарлалтын дэглэм тогтоосон үед эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл, иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичигтэй зорчих.
Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 12 дугаар зүйл.Иргэний эрх, үүрэг
12.1.Иргэн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар дараах ЭРХ-тэй:
12.1.1.холбогдох байгууллага, албан тушаалтнаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар үнэн зөв, бодит мэдээлэл авах;
12.1.2.цар тахлын халдвараар өвчилсөн, өвчилсөн байж болзошгүй тохиолдолд шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах;
12.1.3.цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар гаргасан шийдвэр, арга хэмжээ энэ хуулийн 11.1-д заасан шаардлагыг хангаагүйгээс эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд гомдол гаргах;
12.1.4.хуульд заасан бусад эрх.
12.2.Иргэн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар дараах ҮҮРЭГ-тэй:
12.2.1.эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалтын дэглэм, заавар, журам, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмжийг сахин биелүүлэх;
12.2.2.өөрийн эрүүл мэндийн байдал, аяллын түүх зэрэг халдвар судлалд шаардлагатай мэдээллийг үнэн зөв өгөх;
12.2.3.мэргэжлийн байгууллагын шаардлагын дагуу үзлэг, шинжилгээнд заавал хамрагдах;
12.2.4.цар тахлын халдварын сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрийгөө тусгаарлан эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх;
12.2.5.албан байгууллага, олон нийтийн газарт амны хаалт тогтмол зүүх, гараа тогтмол угаах, өдөр тутмын эрүүл ахуйн шаардлагыг хангах;
12.2.6.цар тахлын халдварын үед тусгаарлах, ажиглах журмыг чанд сахих;
12.2.7.халдварын голомттой улсаас ирсэн, эсхүл халдварлагдсан байж болзошгүй бол эрх бүхий байгууллагаас тогтоосон нөхцөл, хугацаанд тусгаарлалтын дэглэмд байх;
12.2.8.татан авалт, тусгаарлалт, үйлчилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх зэрэгтэй холбогдон гарах зайлшгүй зардлыг төлөх;
12.2.9.эрх бүхий байгууллагын шийдвэрийг зөрчсөний улмаас гарсан зардлыг хариуцах;
12.2.10.хуульд заасан бусад үүрэг.
12.3.Цар тахал түүнээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахтай холбоотой олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээлэл түгээхийг хориглоно.
12.4.Иргэн халдварт өвчнийг бусдад зориуд халдаасан бол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Н.ЦЭНДБАТ