Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 11 дүгээр сарын 19-ний өдөр 6 дүүргийн нутагт дэвсэрт байрлах 56 зах, худалдааны төв, жижиг дэлгүүр, 24 жижиг эмийн сан, Орхон аймагт хяналт шалгалт хийсэн байна. Хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор улсын байцаагчдыг 10:00 цагаас хойш замын хөдөлгөөнд оролцуулаагүй тул улсын байцаагчид тодорхой байршил дээр жижиг дэлгүүр, жижиг эмийн сангуудад хяналт тавьж ажиллажээ.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Эфес” супермаркетэд махны лангуу түрээслэн ажиллуулдаг иргэн Т нь цар тахлын онцгой нөхцөл байдлын үед махны үнийн хөөрөгдөл үүсгэсэн нөхцөл байдал тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасныг үндэслэн 2 сая төгрөгийн шийтгэл оногдуулсан.
Хүчит шонхор захын үнийг 11 дүгээр сарын 19-ний өглөөний 9 цагийн байдлаар өмнөх өдрийн 9 цагийн байдлаарх үнэтэй харьцуулахад хонины ястай махны жижиглэнгийн үнэ өмнөх өдрийнхөөс 500-1000 төгрөгөөр, хонины цул махны жижиглэнгийн үнэ 500 төгрөгөөр, үхрийн ястай махны жижиглэнгийн үнэ 500 төгрөгөөр тус тус буурсан байна. Хонины махны бөөний үнэ 200-300 төгрөгөөр, үхрийн махны бөөний үнэ 300 төгрөгөөр тус тус буурсан. Ямааны махны бөөний үнэ 100 төгрөгөөр, адууны махны бөөний үнэ 500 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.
Хүчит шонхор зах дээр 11 дүгээр сарын 19-ний өглөөний байдлаар 41,5 тонн мах нийлүүлэгдэж, өмнөх өдрөөсөө махны нийлүүлэлт 9 тонноор буурсан байна. Тус зах нь 10 цагаас эхлэн хаасан байна.
Тус захын жижиглэнгийн худалдааны хувьд маш бага худалдаачидтай байв. Ерөнхийдөө махны нийлүүлэлт бага байна гэж түрээслэгчид тайлбар өглөө. Бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хэвийн байна.