Улсын Их Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанд “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” мэдээлэл хийж, УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар “Цагийн байдал улам хүндэрч байна. Ийм цаг үед иргэд, төрийн байгууллагууд хаа хаанаа эв нэгдлийн хичээж, сахилга хариулгатай, өндөр ухамсартайгаар нийтийн эрүүл мэндийг хамгаалах нэг эрх ашгийн дор нэгдэж хүнд цаг үеийн даван туулах ёстой.
Зарим салбаруудад туршлага дутагдаж байгаа зүйл ажиглагдаж байна. Хөдөө аж ахуй, зам тээврийн салбар туршлагатай, оночтой ажиллаж байгааг гишүүд онцолж байна. Зарим салбарт багийн ажиллагаа, туршлага дутагдаж байгааг шүүмжиллээ.
Иймээс УИХ-ын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтэд хяналт тавих Түр хорооны хурлын ирэх Мягмар гарагт хуралдуулж, холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх эрх зүйн орчныг сайжруулах арга хэмжээг эвч хэрэгжүүлнэ.
Үндсэндээ халдварын голомт болчихоод байгаа зургаан газарт хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоох, эдийн засгийн чухал обьект болон Эрдэнэт үйлдвэр, Тавантолгой зэрэг газруудыг тусгай хамгаалалтад авч, тусгай дэглэм тогтоох нь эдийн засгийн хямралаас сэргийлэх чухал арга хэмжээ болно.
Ингэхдээ сошиал дагаж, нийгмийн уур амьсгал дагаж эргэж буцаж болохгүй. Шинжлэх ухааны үндэслэл, тооцоо судалгаатай, хуульд нийцсэн шийдвэр гаргаад түүнийгээ эргэлт буцалтгүй хэрэгжүүлэх ёстой. Одоо хүсэж, гуйх цаг биш. Нийтийн эрх ашиг, эрүүл мэндийн төлөө хуулийг нэг мөр хэрэгжүүлэх ёстой.
Тийм учраас халдварын ойрын хавьтлуудыг олж тогтоож, шинжилгээнд хамруулж дуусахаас нааш иргэдийн эрх Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар хязгаарлагдана. Дээр дооргүй бүх хүн хорио цээрийн дэглэмийн чанд мөрдөх шаардлагатай байна” гэв.