Ерөнхийлөгч цар тахлын үед авч хэрэгжүүлэх зургаан саналыг өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн. Тэгвэл Засгийн газарын хуралдаанаар Ерөнхийлөгчийн гаргасан зургаан саналыг дөрвийг дэмжжээ.
Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга доорх зургаан саналыг гаргасан юм.
Үүнд:
1. Төсвийн зардлыг эрс хумьж, хэмнэсэн хөрөнгөөр бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгох, банк, банк бус санхүүгийн байгууллага, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний зээлийн хүү, төлбөрийн хугацааг зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах;
2. Хөдөлмөр эрхлэгч иргэдээ хатуу хөл хорионы хугацаанд дэмжиж, төрийн албан хаагчаас бусад хөдөлмөр эрхлэгчдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний тэтгэлгийг төрөөс олгох;
3. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн аливаа хэлбэрийн түрээсийн төлбөрийг хөнгөлөхөд чиглэсэн цогц хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх;
4. Нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах;
5. Ипотекийн зээлийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх, төлбөрийн хугацааг 2021 оны нэгдүгээр сараас эхлэн зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах зэрэг эдийн засгийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг уг албан бичгээр Монгол Улсын Ерөнхий сайдад санал болголоо” гэсэн юм.
Мөн “Айл өрх бүрийг тухайлан дэмжсэн, бодит дэмжлэг, туслалцаа болох тусгай бодлогыг гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд үүний хүрээнд төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр боловсруулж, 2020 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн дотор хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрх бүхий ваучераар (эрхийн бичиг) олгох хэрэгтэй” гэсэн нийт зургаан саналыг гаргасан юм.
Л.Баяр