Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын III багийн нутаг “Хул азарганы тохой” хэмээх газарт “Эрин Эрдэнэс” ХХК-ийн 40 гаруй ажилчин хууль бусаар алт олборлож байжээ.
Тус компани нь 2019 оны зургадугаар сарын 6-нд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилоос “Хайрга, дайрга олборлох” тусгай зөвшөөрөл авсан байна. Өнгөрсөн наймдугаар сараас хойш тус компанийн ажилчид техник, хэрэгслээ Орхонтуул сумын нутагт байршуулж эхэлжээ. Тогтвортой үйл ажиллагаа явуулж харагдахгүй байсан учраас нутгийн иргэд эхэндээ тоогоогүй байна.
Гэтэл хөл хорио тогтоож, хүмүүс гэрээсээ гарахгүй байгаа энэ үед ажиллаж эхэлсэн байна. Арваннэгдүгээр сарын эхээр тус компанийнхан өдөр, шөнөгүй ажиллаж эхэлсэн нь иргэдийн анхаарлыг татжээ. Ингээд нутгийн иргэд газар дээр нь очиход “Хайрга, дайрга” олборлох нэрийн дор хууль бусаар алт олборлож байсан аж. Улмаар алт угаасан усаа Туул голд цутгаж байсныг илрүүлжээ.
Орхонтуул сум нь Дархан хоттой хил залгаа оршдог. Дархан хотод мөн коронавирусийн халдвар бүртгэгдэж, тэг зогсолт хийгээд байгаа юм. Тиймээс Орхонтуул суманд хөл хориог ягштал биелүүлэх шаардлагатай байгаа юм.