Ойн тухай хуулийн 3.1.17-д заасны дагуу намрын хуурайшилт бүхий түймрийн аюултай үе дууссан тул “гоожин” буюу түлээний мод бэлтгэх эрхийн бичгийг байгаль хамгаалагчид олгож эхэллээ.
Уг эрхийн бичгийг нийслэлийн ногоон бүсэд байнга оршин суугаа өрх нь жилд нэг удаа 4 шоо метр хэмжээтэйгээр 1 шоо метрийг нь модны төрлөөс хамаарч 2400-4800 төгрөгөөр тооцон төлж бэлтгэх боломжтой байдаг.
Мөн 2020 оны ойн цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэхээр мэргэжлийн эрх бүхий 4 аж ахуйн нэгж санал ирүүлж, гэрээ байгуулаад байна. Эдгээр нь түймэр, ойн хөнөөлт шавжид нэрвэгдэж цаашид ургах чадваргүй болсон ой бүхий Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Дээндий, Хуандай, Их амнаас бэлтгэнэ.
Ингэхдээ 100 шоо метр тутамд 2 га талбайг ойжуулж нөхөн сэргээх үүрэг хүлээж, 46 сая төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ. Цэвэрлэгээний автомашинууд нь улсын дугаартай, хаалган дээрээ аж ахуйн нэгжийн нэр, цэвэрлэгээний байршил бүхий таних тэмдэгтэйгээр зөвхөн батлагдсан маршрутаар тээвэрлэлт хийнэ.
Үүний зэрэгцээ Улаанбаатар хот дахь модны захуудтай экологийн хариуцлагын гэрээний хүрээнд зохиомол хомсдол үүсгэхгүй, үнийг тогтвортой байлгахад хамтран ажиллаж байна.
Иргэдийн түлшний хэрэгцээг хангаж, хууль бус мод бэлтгэлийг зогсоох зорилготой “Ойн цэвэрлэгээ” үндэсний хөтөлбөр 2014 оноос эхлэн улс орон даяар хэрэгжиж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/602 дугаар тушаалаар 2020 онд улсын хэмжээнд ойн цэвэрлэгээний ажлыг 38 839 га талбайд 1 235 576 шоо метр хэмжээгээр бэлтгэхээр хязгаарыг баталсан бөгөөд үүний 0,73 хувь буюу 410 га талбай нь нийслэлийн ногоон бүсийн ойн санд хамаарч байгаа юм.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 28 дугаар тогтоолоор нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн 230 га талбайд цэвэрлэгээний огтлолт, 180 га талбайд цэвэрлэгээний ажил хийж, 9100 шоо метр мод бэлтгүүлэхээр тогтоосон болно.
Нийслэлийн Байгаль орчны газар