Цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Бид амьдралын хэвийн горимондоо орохын тулд хорио цээрийн дэглэмийг чанд сахиж, богино хугацаанд даван туулна. Улаанбаатарын хөдөлгөөн 10 хувь, автомашины хөдөлгөөн 30 мянга орчим нэмэгдсэн. Энэ маш сөрөг үр дагавартай. Тэгэхээр нягтралыг бууруулах сийрэгжүүлэхийн тулд хоёр гурван үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Өнөөдөр замын түгжрэл үүссэн асуудалд тайлбар хийхэд замын уулзвар дээр ялгалт хийж байгаа, онцын шаардлагагүй хүмүүс хөдөлгөөнд оролцож байгаа, хуурамч бичиг баримт ашиглан замын хөдөлгөөнд оролцож байгаа байдлыг сийрэгжүүлэхийн тулд нэг жолооч дээр 20-30 секундийн саатал үүсгэж шалгасан.
Тиймээс хөдөлгөөний нягтралыг албадан сийрэгжүүлэхгүй бол болохгүй байна.
УОК-ын шийдвэрийг тууштай хэрэгжүүлнэ. Цагдаагийн алба хаагчдын шаардлагыг биелүүлж, ухамсартай хандахыг хүсч байна.
Хүнсний түгээлтээс бусад автомашиныг хөдөлгөөнийг хязгаарлахгүй бол болохгүй байна. Тархалтыг хумих үүднээс төрийн албан хаагчдыг 10-20 хувь ажилдаа явна, бусад нь дэглэм сахина. Энэ хүмүүст албаны үнэмлэхээс гадна, тухайн байгууллагаас нь ажиллаж болно гэсэн үнэмлэх олгоно. Ингэж байж л ажилдаа ирж, очино.
Маргааш цагдаагийн байгууллага замын хөдөлгөөн, иргэдийн хөдөлгөөнийг онцгойлон хорьж, цөөлөх шаардлага байгаа учраас иргэд дэмжиж, хариуцлагатай ажиллахыг хүсч байна” гэлээ.
Түүнчлэн шинэ нөхцөл байдал үүсч байгаа учраас УОК-оос цаг үетэй холбоотой гэнэтийн шийдвэрүүдийг гаргаж явах болно гэдгийг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдэгдлээ.
Н.БАТАА