Бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Улаанбаатар хотод гацаад байгаа орон нутгийн иргэдтэй холбоотой асуудал сүүлийн үед олны анхаарлын төвд байна. Уг асуудалтай холбоотой худал ташаа мэдээлэл цацагдах, иргэдэд хүлээлт үүсгэх, буруу ойлголт өгөх мэдээлэл түгэх гэх мэт асуудлууд гарсаар байгаа юм.
Улаанбаатар хотод гацсан байгаа иргэдийг нутаг буцаах асуудлыг судалж байгаа бөгөөд тусгай журам боловсруулсны дараа энэ асуудлыг нарийн хяналт, шалгалт доор зохион байгуулна гэдгээ бригадын генерал Ж.Ариунбуян мэдэгдлээ.
Тэрбээр “Бүх нийтийн бэлэн байдал шилжсэнтэй холбоотой Улаанбаатар хотод ажлын томилолт, эрүүл мэндийн шалтгаанаар ирсэн иргэд нэлээн байна. Энэ иргэдийн дунд ойрын хугацаанд Улаанбаатараас орон нутаг руу гарах зөвшөөрөл өгөх юм байна. Коронавирсийн шинжилгээ хийлгээд эрүүл байвал орон нутаг руу гаргана гэх мэт буруу ойлголттой яваад байна. УОК-оос ямар нэгэн шийдвэр гараагүй. Судалж байна. Хөдөө орон нутаг руу хүмүүсийг явуулах журам батлагдтал нэг ч хүн гаргахгүй. Ковид-19 вирусийн шинжилгээ өгөөд бичиг авсан бол хүчингүй гэдгийг хэлье” хэмээв.
Н.Батаа