Ли Су Жин бол Өмнөд Солонгосын шүдний эмч бүсгүй. 2020 онд тэрбээр 51 нас хүрсэн. Гэвч энэ эмэгтэйн гадаад төрхийг нь харахад түүнийг 50 гарсан байтугай 40-тэй ч гэж хэлэхэд хэцүү. Охинтойгоо хамт зугаалаад явж байхад нь тэднийг эгч дүүс л гэж харна. Энэ солонгос бүсгүй яаж ийм залуу насаа хадгалж үлдэв, түүний гоо сайхны нууц юундаа байна вэ?
Ли Су Жин гэж хэн бэ?
Ли Су Жин шүдний эмч мэргэжилтэй. 46 нас хүртлээ Солонгосын бусад эмэгтэйчүүдийн л адил амьдарч байв. Их сургуулиа төгсөөд, ажилд орж, удалгүй нөхөрт гарч, хүүхэд төрүүлжээ. Гэвч зохиосон амьдрал нь бүтэлгүйтэж, нөхрөөсөө удалгүй салсан байна. Өөрийгөө болон охиноо тэжээхийн тулд Су Жин ажилдаа бүхий л анхаарлаа хандуулж, аль болох хурдан карьер ахиж, орлогоо нэмэгдүүлэхийг зорьж ажиллажээ.
2015 он гэхэд бүсгүй нэртэй шүдний эмч болж, давхар охиноо ч гоо бүсгүй болгон өсгөж амжжээ. Энэ үеэс л Су Жин “Инстаграм”-д хуудас нээж, үүгээр солонгос бүсгүйн гайхалтай гоо үзэсгэлэнг интернэтээр мэддэг болсон аж. Удалгүй түүнээс ярилцлага авах, зураг авалт, телевизийн нэвтрүүлэгт оролцох санал ирсэн байна. Су Жин жинхэнэ од болж, “Инстаграм”-д нь олон арван мянган хүн нэгдэж, залуу насаа хадгалж үлдсэн нууцыг нь тайлахыг оролдох болжээ.
Нэг хэсэгтээ л Ли Су Жин олон нийтийн сүлжээнд хамаг анхаарлаа хандуулж, үүнээсээ болоод дунд сургуульд сурч байсан охинтойгоо бараг харьцахаа болих хэмжээнд хүрчээ. Гэвч бүсгүй бүхнийг гартаа авч, удалгүй охинтойгоо хэл амаа ололцож эхэлсэн байна.
Одоо бол түүний гэр бүлд бүх зүйл хэвийн. Тэрбээр охинтойгоо байнга хамтдаа зургаа авахуулж, дэмжигчид нь тэр 2-ын адилхныг шагшин гайхдаг болжээ. Зарим үед түүнийг охинтой нь андуурах ч тохиолдол бий.
Ли Су Жин хэрхэн залуу насаа хадгалж үлдэв?
Энэ бүсгүйн фэнүүд нь түүнийг “мөнх залуу насны бурхан” гэж дуудах нь энүүхэнд. Үнэхээр ч Ли Су Жин наснаасаа хамаагүй залуу харагддаг байна. Хэвлэл мэдээллийнхэн, түүнийг дэмжигчид залуу насных нь нууцыг мэдэх гэж нэг бус удаа оролдож байсан. Гэвч солонгос бүсгүй олон ч газар ярилцлага өгөхдөө огтхон ч шинэ зүйл хэлдэггүй юм.
Су Жин хэзээ ч гоо сайхны мэс засалд орж байгаагүй гэдэг. Харин түүний гоо сайхны нууц нь өөдрөг байдал, эерэг сэтгэлгээ гэжээ. Эрэн сурвалжлах сэтгүүлчид түүнийг Европ, Азийн гоо сайхны мэс заслын эмнэлгүүдээс шүүж үзсэн боловч Ли Су Жин гэсэн үйлчлүүлэгчийн мэдээлэл огт байдаггүй гэсэн байна.
Мэдээж энэ эмэгтэй идэвхтэй амьдралаар амьдардаг. Өдөрт 8 цаг унтаж, арьсаа хямд төсөр ч гэсэн гоо сайхны бүтээгдэхүүнээр байнга арчилдаг. Үүнээс гадна хоол хүнсэндээ анхаарч, тэнцвэртэй хооллож, амттан, түргэн хоолноос аль болох татгалздаг. Дасгал хийхгүй өнгөрнө гэж үгүй. Спорт заалнаас зургаа байнга тавьж, хааяадаа охинтойгоо хүртэл зургаа авахуулдаг байна.
Магадгүй Ли Су Жиний залуу төрх удамтай нь холбоотой байж мэднэ. Эсвэл тэрбээр гоо сайхнаа хадгалах өвөрмөц нууцаа нуудаг ч байж магадгүй. Ямар ч байсан 50 гарсан ийм нэгэн эмэгтэй өдий болтол залуу сайхан байхад та ч гэсэн буйдангаасаа өндийгөөд, өөртөө анхаарахад юу нь оройтох билээ?
Орчуулагч: Марта
Эх сурвалж: Сhampionat.com