Арабын Нэгдсэн Эмират Улсын төрөөс 10 жилийн хугацаатай “алтан” виз олгох мэргэжилтэн, мэргэжлийн жагсаалтаа нэмлээ. Энэ жагсаалтад докторын зэрэгтэй эмч нар, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүд орж байгаа тухай Дубайн захирагч шейх Мухаммед бен Рашид Аль Мактум мэдэгджээ.
Визийг мөн хиймэл оюун ухаан, их мэдээлэл, халдвар судлал, вирус судлал, компьютерийн инженер, программчлалын инженер, биотехнологи, электроник, цахилгааны салбарын мэргэжилтнүүдэд олгоно. Ахлах ангийн шилдэг сурагчид, их сургуулиудын шилдэг оюутнууд ч виз авах боломжтой.
АНЭУ-ын сайд нарын танхимаас 2019 оны гуравдугаар сард анх удаа тодорхой ангиллын гадаадын иргэдэд 5, 10 жилийн виз олгох зөвшөөрөл гаргасан юм. Үүнээс өмнөхөн тус улсад гадаадын иргэдийн байх дээд хугацаа нь 3 жил байлаа. Удаан хугацааны визийг зөвхөн хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэд, өндөр мэргэжлийн хүмүүс, авьяаслаг оюутнуудад л зөвшөөрч байсан аж.
Орчуулагч: Марта
Эх сурвалж: Ria.ru