Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн хүрээнд хатуу хөл хорио тогтоогоод буй энэ үед иргэд зуслангийн бүс рүү зорчиж, зуслан дээрээ очих хүсэлт ихээр тавьж, шаардаж байгаа гэнэ.
УОК-ийн зүгээс энэ сарын 11 буюу хөл хорио тогтоосон эхний өдөр хийсэн мэдээлэлдээ иргэдийг зусландаа зорчих нь нээлттэй хэмээн мэдээлж байсан. Нөхцөл байдал өөрчлөгдөж, голомтлон тархсан хавьтлын тоо нэмэгдэн, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин, хатуу хөл хорио тогтоогоод байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн иргэдийг зуслан руугаа явах, зуслангийн бүс рүү зорчихгүй байхыг анхааруулж, хязгаарлаж байгаа юм.
Зуслангийн бүс рүү олноор явах нь иргэдийн урсгалыг нэмэх, цаашлаад байдал хүндэрвэл хүнс, усны асуудлаас эхлэн иргэд өөрсдөө эрсдэлд орно гэж үзэж байгаа юм байна.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү: “Иргэдийг хязгаарлалтын бүс дотор зөвхөн цагдаагийн хяналт доор оруулж гаргана. Тодруулбал, тухайн хамгаалалт гарсан бүс хооронд явж болно. Харин хотын төвөөс Гачуурт, Өлзийт, Шаргаморьт гэх мэтээр дүүрэг дамжиж, хол явах боломжгүй” хэмээн тайлбарласан юм.