Улсын онцгой комиссын даргын зөвлөл өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар холбогдох албаныхан олон нийтэд мэдээлэл өгч байна.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг сумын бүх иргэнээс коронавирусийн шинжилгээ авахаар ажиллаж байна.
Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Г.Ариунбуян: Сэлэнгэ аймагт дөрвөн тохиолдол бүртгэгдсэн. Аймгийн төв Сүхбаатар сум, Алтанбулаг сумын иргэдийг нэн тэргүүнд шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна. Нэмэлтээр цагдаа, онцгой байдлын албан хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллах шийдвэрийг гаргалаа. Сүхбаатар, Алтанбулаг суманд хатуу хөл хорио тогтоосон. Сүхбаатар суманд 22500 иргэн байна. Эдгээр хоёр сумын иргэдийг бүгдийг нь шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна. Нөхцөл байдлыг долоо хоногийн хугацаанд хяналтдаа авахаар ажиллаж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагыг хүч нэмэгдүүлэн ажиллаж байна.
Мөн эрүүл мэндийн байгууллагаас хоёр явуулын лабораторийг гаргасан. Сүхбаатар сумд байрлах эмнэлгийн үйл ажиллагааг тусгай горимд шилжүүлж, тусгаарлах байранд шилжүүлэхээр болсон.
Дархан-Уул аймагт худалдаа үйлчилгээ эрхэлдэг Covid-19-ийн нэг тохиолдол бүртгэгдэж, тэг зогсолт хийгээд байна.
Өнөөдөр Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсэн байна. Тиймээс иргэд хатуу хөл хорионы үед гэрээсээ гарахгүй байхыг хүсч байна” гэлээ.
Л.Баяр